Европын холбооны гишүүд эвслийнхээ өндөр албан тушаалтнуудыг томилох ажил үргэлжилж байна.
Германы Батлан хамгаалах яамны сайд Урсула вон дер Ляйен Европын холбооны хорооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр бусад дөрвөн өрсөлдөгчөө ялж, энэ холбоог удирдах анхны эмэгтэй тэргүүлэгч боллоо.
“Урсула вон дер Ляйен бол өрсөлдөх чадвар, чадамжаараа өөрийгөө мэргэшүүлсэн Европын холбооны хороог удирдахад хамгийн их тохирсон нэр дэвшигч” гэж уг холбооны зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Өмнө нь Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард Европын төв банкны хамгийн анхны эмэгтэй удирдагчаар сонгогдоод байсан юм.
Ирландын ерөнхий сайд Лео Варадкар “Хоёр эмэгтэй хүнийг нөлөө бүхий албан тушаалд томилж байгаа нь Европын холбооны зүгээс хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлийг дэмжин ажиллаж байгааг харуулж байна” гэлээ.
Түүнчлэн Бельгийн ерөнхий сайд Шарль Мишель Европын зөвлөлийн ерөнхийлөгчөөр томилогдсон бол Испанийн Жосеп Боррель гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дарга болжээ. Европын парламентын ерөнхийлөгчийг өнөөдөр сонгох юм байна.
Эх сурвалж: BBC