Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлэв.
АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл, ойлголцолд тулгуурлан явуулах шаардлагыг үл хэрэгсэж, ард түмний хүсэмжлэл, хүлээлтэд дөрөөлөн дутуу дулимаг, өмнөх алдааг давтсан байдлаар явуулж байгаад санаа зовниж байна.
Монголын ард түмэн 1992 онд баталсан анхны Ардчилсан Үндсэн хуулиараа хүний үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн хүлээн зөвшөөрч, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд шилжүүлж, нийгмийнхээ тогтолцоог ардчилсан ёсонд нийцүүлэн үндсээр нь өөрчилж, тусгаар улсын эдлэх ёстой бүрэн эрхийг бүрэн олж, харийн тушаалаар бус хамтын зүтгэлээр хөгжин дэвжих боломжийг нээж чадсан нь эрхэм дээд ололт мөн байв.
Анхны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойших 27 жилийн хугацаанд парламентын 7 удаагийн, ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгуулийг амжилттай явуулж, сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлсэн, мөнхийн хоёр хөршөөсөө гадна гуравдагч хөрштэй болсон, дэлхийн улс орнуудтай эн тэнцүү, эрх тэгш харилцаж байгаа зэрэг бахархам амжилтууд бий болсон.
Гэвч ард түмний засаглах эрх алдагдсан, бүх нийтэд хүртэх ёстой байгалийн баялгийг ашиг сонирхлоор холбогдсон хэсэг бүлэг хүн өмчилдөг, Монгол Улсад ашиггүй, Монголын ард түмэнд хүртээлгүй нөхцөлөөр өгдөг, зардаг гаж жишиг тогтсон, хууль мөнгөтэй чадалтайд нь уярч, мөнгөгүй чадалгүйд нь улам чангарч, ялгамжтайгаар хэрэгждэг ёс бус тогтолцоо бий болсон, эрх, эрх чөлөөг эмх замбараагүй дур зорго, эрх мэдэл, албан тушаалыг эрдэнэст хүрэх үүд хаалга мэт болгож хувиргасан зэрэг анхаарвал зохих асуудлууд ч мөн үүссэн байна.
Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монголын төр, ард түмний үүрэг мөн, арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах гэдэгтэй маргаж буй хүн алга. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон сануулъя.
Миний бие нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг албан бусаар олж авч, зохих хэмжээнд судалж танилцлаа. Авууштай зүйл ч байна, алдаатай зүйл ч байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ.
Зохих арга хэмжээг авч, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх Улсын Их Хурлын чуулганыг баяр наадмын дараа товлож, мэдэгдэнэ үү” гэжээ.
Эх сурвалж: www.president.mn