УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдааны гол хэлэлцсэн асуудал бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт байжээ. Тус зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН анхдугаар хэлэлцүүлэгт оролцоогүй, байр сууриа тодорхой илэрхийлсэн. Хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцох эсэх асуудлаар иргэдийнхээ байр суурийг сонслоо. Орон нутагт үнэндээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл маш хомс байна. Мэдээлэлгүйгээс болоод ач холбогдол өгч буй иргэд ч цөөн байна. Үндсэн хуульд ямар өөрчлөлт орж байгаа талаарх ойлголт ч огт байхгүй, тиймээс асуулт, санал ч багатай байна. Хоёрдугаарт, энэ эрх баригчдаар Үндсэн хуулийг батлуулах ёсгүй гэсэн байр суурь нийтлэг ажиглагдаж байгаа юм. Мөн иргэдийн зүгээс өөрсдөө огт мэдээлэлгүй байж Үндсэн хуулийн асуудлаар яаж санал асуулгад оролцох юм бэ гэдэг байдал өргөн хүрээнд ажиглагдаж байна” гээд, мэдээлэлгүй иргэдээр санал өгүүлнэ гэдэг нь Үндсэн хуульд хүчээр санал өгүүлж байгаатай утга ижил гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Тиймээс АН-ын зөвлөлөөс УИХ-ын чуулганы болон байнгын хороодын хурлын хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналыг тавьлаа. Улмаар иргэдийг мэдээлжүүлэх ажлыг зохион байгуулж, аравдугаар сард болох ард нийтийн санал асуулгад эхэлж ач холбогдолоо өгөх нь зүйтэй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хэлснээр, АН-ын зөвлөл иргэдийн санал бодолд тулгуурлан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн II хэлэлцүүлэгт оролцохгүй байх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлэхдээ “Агуулга гэхээсээ илүү хэлбэрийн хувьд сурталчилгаанд зориулсан маягаар энэ өөрчлөлтүүдийг явуулж байна. Ялангуяа өнөөдрийн парламентын 65 гишүүний нэг нь хүчингийн хэрэгт холбогдсон. 64 гишүүний 49 нь ЖДҮ-чин болсон. Дээр нь авлигал, хүн амины асуудал гээд ёс зүйгүйн дээд туйлдаа орсон нөхөд үнэмлэхүй олонхоороо ҮХ-ийн өөрчлөлтийг батлах гээд байгаа учраас үүнийг ард түмний санал гэж үзэхэд төвөгтэй шүү гэдгийг иргэд хэлж байгаа. Мөн нийт иргэдийн саналуудын 70-80 хувь нь огт тусгагдахгүй байна. Хүчээр хийсэн Үндсэн хууль бол МАН-ын л Үндсэн хууль болж хувирна. Яагаад гэвэл сөрөг хүчний ямар ч зөвшилцөл байхгүй, нийт ард түмнээ, сөрөг хүчнээ огт сонсоогүй, тэдний байр суурийг огт тусгахгүй байна. Тийм учраас II хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн байр суурь хатуу байгаа” гэлээ.
О.Баасанхүү гишүүн нь Үндсэн хуулийн асуудлаар АН-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд АН-ын зөвлөлийн хуралд оролцож, санал нэгтэй байр сууриа солилцоод явж байгаа гэдгийг мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тайлбарлаж байлаа.