/Джон Кеннеди, Гейдар Алиев, Виктор Ющенко, Елизавета II, Хиллари Клинтон, Эммануэль Макрон/
Улстөрчид гэдэг адилхан л хүн юм болохоор хүнд, хөнгөн янз бүрийн өвчин зовлон тусах нь бий. Гэхдээ тэдний эрүүл мэндийн байдлыг эмч нар, ар гэрийнхэн нь чандлан нууцалдаг. Харин нуух аргагүй болох үед нь олон нийт анзаарч эхэлдэг байна.
Германы канцлер Ангела Меркелийн эрүүл мэндтэй холбоотой асуудал сүүлийн үед дэлхий нийтийн анхааралд өртөөд байгаа юм. Тэрбээр хоёр долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа албан ёсны арга хэмжээн дээр салганан чичирч, яаж ч чадахгүй байдалд орсон.
Эмч нар үүнийг ямар шалтгаантай болохыг нь таах гэж оролдож байх зуур хэвлэлүүдэд түүн шиг тохиромжгүй нөхцөлд бие нь муудсан улстөрчдийн материалыг цуцлуулжээ.
Жон Ф.Кеннеди
АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди (1961-1963 онд төрийн тэргүүн байсан) нэг газраа удаан сууж чаддаггүйг хүмүүс анзаарчээ. Үүнээс гадна түүнийг хаа ч явсан хар чемодантай нэг хүн дагалдан явна.
“Америкийн хайртай хүн”-ий эрүүл мэндийн талаарх мэдээллийг маш ихээр нууцалдаг байв. Үнэндээ нэр хүнд нь өндөр, идэвхтэй улстөрч маш хүнд өвчтэй нэгэн байсан юм. Тэрбээр сээр нурууны маш хүнд өвчтэй болохоор заримдаа угаалгын өрөөндөө сууж байгаад хурал явуулах хэрэг гардаг байв.
Залуу, ирээдүйтэй, үргэлж л инээмсэглэж явдаг Жон Кеннедийг сонгогчид нь хүүхэд байхаасаа л харшил дарлуулсан, нэг хөл нь нөгөөгөөсөө богинохон болохоор тусгай корсет, гутал өмсдөг байсныг мэдэхгүй.
Кеннедийг 31 настай байхад Лондоны нэгэн эмнэлэгт яаралтай хүргэсэн юм. Ирээдүйн Ерөнхийлөгч гэнэт халуурч, ходоодоор нь өвдөх болжээ. Энэ үед л тэрбээр “Жилээс илүү амьдрах насгүй” гэсэн онош сонссон байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр Аддисоны өвчтэй болжээ.
Энэ эмгэг бөөрний булчирхайн өвчлөлөөс үүсдэг бөгөөд дархлааг сулруулж, элдэв халдварт өртөмтгий болгож, үхлийн шалтгаан нь болдог байна. Тухайн үед ийм эмгэгтэй хүмүүс сүрьеэгээр халдварлаж үхэх нь их байлаа. Тэгэхээр Кеннеди үхлээ хүлээгээд хоног тоолохоос өөр аргагүй болж байв. Харин залуу Кеннеди ясны дайчин хүн байсан тулдаа бууж өгсөнгүй. Тэрбээр шинэ эм бэлдмэлээр өөрийгөө эмчилж, бөөн бөөнөөр нь худалдан аваад, дэлхийн даяар банкуудын хадгаламжийн хэлтсүүдэд байршуулжээ. Жон Америкт явж байхдаа аль ч өнцгөөс шаардлагатай эм бэлдмэлээ авах боломжтой байлаа. Сүүлд нь гидрокортизон гэх эм гарч, түүний бие илүү дээрдсэн юм.
Харин “хар чемодантай хүн”-ий тухай яривал энэ бол Кеннедийн шаардлагатай эмүүдийг байнга авч явдаг эмч юм.
Кеннедийн амьдралын сүүлийн найман жил амьдрахын төлөөх тэмцэл дунд өрнөсөн юм. Тэрбээр антибиотикийг атга атгаар нь авч уудаг байсан тухай Кеннедийн ойрын хүрээлэл нь ярьдаг. Карибын хямралын үеэр Ерөнхийлөгч тэнцвэрээ алдаж, нуруу нь өвдөж, Аддисоны өвчнөөсөө болоод бөөрний булчирхай нь хурцаар өвдөх болжээ. Нуруу нь ихээр өвддөг байснаасаа болж Кеннеди сууж босч чадахаа ч байж, өвчин намдаах эмгүйгээр гутал, оймсоо өмсөж ч чаддаггүй болсон байна.
Гейдар Алиев
2003 онд Азербайжаны Ерөнхийлөгч Гейдар Алиев Баку дахь Бүгд Наймдах Улсын ордонд цэргийн лицейн 30 жилийн ойг тохиолдуулан үг хэлэх үеэрээ гэнэт найгаж ирээд зүрхээ барин унажээ. Сүүлд нь тэрбээр ямар нэгэн юм хатгах шиг болсон гэж хэлсэн байна. Энэ үйл явдал олон зууны үзэгчийн нүдэн дээр болсон юм. Түүнийг сэргээх шаардлага ч гараагүй. Хэсэг хугацаанд ухаангүй байсан ч тэр удалгүй сэргэж, үгээ дуусгахаар тайзан дээр хүртэл гарч иржээ. Нүүр нь цонхийн цайсан ч тэрбээр эрүүл юм шиг л биеэ авч явж байсан гэдэг. Гэвч төрийн тэргүүн үг хэлж дууссаныхаа дараа дахин ухаан алдаж, түр завсарлага авахад хүрсэн юм. Алиев дараа нь сэргээд, хүрэлцэн ирсэн хүмүүст анхаарал тавьсанд талархал илэрхийлжээ.
Албан ёсны мэдээлэлд түүний даралт хэлбэлзсэн гэсэн байна. Тухайн үед Алиев зүрхний өвчнөөр шаналж, сураг сонсох нь ээ, Канадад зүрхний шигдээсийн улмаас мэс засалд орсон гэдэг.
Виктор Ющенко
2004 онд Украины Ерөнхийлөгчид нэр дэвшигч Виктор Ющенкод тун өвөрмөц зүйл тохиолдсон юм. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр тэр дунд эргэм насны дажгүй сэтгэл татам эр байлаа.
Гэвч нэг удаа тэрбээр Майданаар танигдахын аргагүй царайтай болчихоод гарч иржээ. Хонхорхой нүхтэй, аймшгийн өнгөтэй царай болсон тэрбээр өмнөхөөсөө 20 насаар хөгширсөн юм шиг л байв. Албан ёсоор түүнийг диоксиноор хордуулсан гэж мэдээлсэн. Тиймээс Украины тусгай алба энэ үйл явдлыг халдлага гэж үзээд эрүүгийн хэрэг хүртэл үүсгэсэн байна.
Гэвч 2004 оны 09 дүгээр сарын сүүлчээр хэд хэдэн эмч нар нэгдэж хэвлэлийн хурал хийхдээ түүнийг хэн ч хордуулаагүй гэжээ. Сүүлд нь гал дээр тос нэмж, Ющенкогийн хамсаатнуудын нэг Давид Жвания хуурамчаар үйлдсэн хэрэг болохыг илчилсэн юм.
Украины Ерөнхийлөгчийг “хордуулсан” гэх хэрэгт түүнийг эмнэлэгт үзүүлсэн гэх нэг ч баримт байдаггүй. Харин ч тэрбээр эмчид үзүүлэх, ходоодоо угаалгахаас татгалзсан гэсэн яриа бий.
Оросын Байгалийн шинжлэх ухааны академийн академич Игорь Гундаров Оросын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө Ющенког хордуулаагүй, нойтон хамууны хүнд хэлбэрийн өвчин туссан байх магадлалтай гэж тайлбарласан. Гэхдээ энэ хувилбарыг албан ёсоор баталсан баримт байдаггүй.
Хатан хаан Элизабет
Хатан хаан II Элизабет 2012 онд рыцарьт зориулсан ёслолын ажиллагаанд гэнэт оролцохгүй гэсэн мэдээлэл иржээ. Үүнээс болоод хатан хааны эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн цуу яриа хүртэл дэгджээ. Учир нь хатан хаан хаан ширээ залгамжлах хугацаандаа протоколд заасан бүхий л чухал арга хэмжээндээ заавал оролцдог байжээ.
Азаар бүх зүйл бодсоноос ч хөнгөн байжээ. Британийн хаан ширээний эзэн суудлын мэдрэлийн үрэвслээс болж эмч нарын зөвлөснөөр арга хэмжээнд оролцоогүй юм байна. Учир нь түүнийг байнга бөхийж, рыцарийн одон зүүж өгөхөд тавгүй гэж эмч нар үзжээ. Энэ ёслолд түүнийг залгамжлагч, хунтайж Чарльз оролцсон аж.
Хиллари Клинтон
АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтонд сонгуулийн сунгаа хүндхэн болж өнгөрсөн юм. Та бүхэн интернэтээр түүнийг бие нь муудаад явж буй бичлэг хайгаад л олох боломжтой. Ярьж чадахгүй болох, шатаар түшүүлээд явах, үг хэлэх үеэрээ ухаан балартан унах гээд олон тохиолдол гарчээ. Хиллари гэнэт гүн бодлогоширолд орж, ой санамжаа мартчихдаг гэх нотолгоо ч байсан юм.
Харин Хиллари өөрөө болон түүний нөхөр, АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон нар түүний эрүүл мэндэд ноцтой асуудал үүссэнийг үгүйсгэж, бүхий л бурууг усгүйжилт, тархи нь доргисон зэрэгт тохжээ. Үнэхээр ч Хиллари 2012 онд гадаадад айлчлалаар явж байхдаа ходоодны халдварт өвчин тусаж, ухаан алдаж унахдаа толгойгоороо юм мөргөжээ.
Эммануэль Макрон
Францын төрийн тэргүүн үе үе биеэ хачин авч явдаг. “Эммануэль гэнэт л дүгнэлт хэлээд эхлэхээр надад хачин санагддаг шүү. Та нар анзаарсан уу, үгүй юу. Гэхдээ тэрний царай хүнд хэлбэрийн саахарын хомсдолд орсон мэт болоод хэлэх үгээ арайхийн уншдаг” хэмээн түүний нэгэн зөвлөх Алексис Зайденвебер тэмдэглэжээ.
Энэ тухай 2017 онд хакерууд Эммануэль Макроны сонгуулийн штабын шуудангийн архивын захидлуудыг задалснаар ил болсон юм. Материалуудад Францын Ерөнхийлөгч өвчтэй, үе үе цусан дахь саахарын агууламж нь буурдаг гэсэн таамаглал дэвшүүлжээ. Зөвлөхийн захидалд мөн 2015 оны 12 дугаар сард болсон үйл явдлыг дурдсан байна. Гэхдээ тэнд яг юу болсон тухай бичээгүй байна. Макроны зөвлөх Ерөнхийлөгчөө чухал арга хэмжээнд оролцохын өмнө сайтар амарч, хоолны дэглэм барих нь чухал гэжээ.
Эх сурвалж: aif.ru