Чингэлтэй дүүргийн прокурорын газраас санаачлан Нийслэлийн Цагдаагийн газар болон Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвтэй хамтран ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Л.Цогтхүү, Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Адьяахүү, Эрүүлжүүлэх, саатуулах төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр болон тус төвийн нийт алба хаагчид бүрэн хамрагдсан байна.
Тус төвд энэ оны 6 дугаар сарын 20-ны байдлаар 9220 хүнийг эрүүлжүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 32,9 хувиар, 346 хүнийг албадан саатуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 16,1 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.
Эрүүлжүүлэх, саатуулах төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Цэрэндашийн сонсголыг авч хэлэлцэн, ажлын явцад гарч буй зөрчил дутагдал, хүндрэл бэрхшээл болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар харилцан ярилцаж санал солилцов. Мөн ахлах прокурор Л.Цогтхүү зөвлөгөөнд оролцогчдод тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР