УИХ-ын завсарлага дууслаа

2019-06-27 09:54
chuulgan1

УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, өнгөрсөн долоо хоногоос гишүүд тойрогтоо ажиллан чуулганыг түр завсарлуулаад байсан. УИХ-ын завсарлага өнөөдөр дуусаж, гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр болж байна.

Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдаж, гишүүд тойрогтоо ажилласан мэдээллээ танилцуулах аж. УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллаж, сонгогчиддоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга хийх үеэр уг төсөлтэй холбогдуулан 20 мянга гаруй иргэний санал ирсэн юм.

Хуулиараа УИХ-ын хаврын чуулганыг наадмын өмнө буюу долдугаар сарын эхээр завсарлуулдаг.

Гэхдээ энэ удаад УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн учраас завсарлахаас урьтаж тус төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусган, ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэхээр төлөвлөөд байна.