АНУ, Ираны сөргөлдөөн өчигдрөөс хувь хүмүүсийн хоорондын хэрүүл маргаан хэлбэртэй болон өргөжив. Иранд эдийн засгийн шинэ хориг зарлахдаа Дональд Трамп энэ хоригт Ираны дээд удирдагч Аль Хамени болон армийн найман командлагчийг хамруулж, Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифийг хар жагсаалтад оруулна хэмээн мэдэгдсэн.
Үүний хариуг Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани өчигдөр барьж, тус улсын дээд удирдагч Хаменийг эдийн засгийн хоригоор шийтгэсэн АНУ-ын Ерөнхийлөгч хэрээс хэтэрсэн тэнэг үйлдэл. Трамп бол “сэтгэцийн өвчтэй” гэсэн доромж мэдэгдлээр хариу барив.
Гадаадад ямар ч эд хөрөнгөгүй, АНУ руу аялах ямар ч төлөвлөгөөгүй, 80 настай шашны зүтгэлтэн Хаменид хориг тавих нь жинхэнэ галзуу хүний үйлдэл гэж мэдэгдсэн Хассан Рухани үгний хариуг Дональд Трамп ширүүхэн барьж, твиттер сүлжээнд уураа гаргалаа.
Трамп “АНУ бол зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд Батлан хамгаалах зардалдаа 1.5 их наяд доллар зарцуулсан дэлхийн хамгийн хүчирхэг армитай улс гэдгийг тэд ойлгодоггүй бололтой. Ираны дэглэм IED, EFP бөмбөгнүүдийг ашиглан 2000 орчим Америк хүний амийг хөнөөж, үүнээс ч олон хүнийг эрэмдэг болгосныг АНУ мартаагүй байгаа.
Америк руу хийсэн Ираны ямар ч халдлагыг бид асар хүчтэй цохилтоор хариулах болно. Зарим тохиолдолд энэ нь газрын хөрснөөс арчих устгал байх болно” хэмээн бичсэн нь шуугиан тарьж байна.
Хоёр удирдагчийн мэдэгдлүүд 2017 оны сүүлд үүссэн АНУ, Умард Солонгосын удирдагчдын хооронд өрнөсөн хэрүүл маргааныг санагдуулж байгаа бөгөөд тухайн үед Ким Жон Ун мөн АНУ-ын Ерөнхийлөгчийг “сэтгэцийн өвчтэй, зөнөг хөгшин” хэмээн доромжилж байсан билээ.
Харин өнөөдөр Дональд Трамп, Ким Жон Ун нар найрсаг харилцаатай болж, халуун дулаан үгтэй захидал солилцдог болсон ч Вашингтон, Тегераны харилцаанд ойрын үед ийм өөрчлөлт гарах шинж харагдахгүй байна гэж The Guardian мэдээлжээ.