Хэвлэлийн хурлаар нийслэлийн хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагад хийгдсэн хяналт шалгалт, Туул голын дагуух газар олголт хийсэн аж ахуй нэгжид хийсэн хянат шалгалт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр хийсэн хяналт шалгалтыг танилцуулж байна.
“Урин дулааны цагт нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэнтэй холбоотойгоор осол гэмтлүүд гарч байна. Гэтэл бизнесийн байгууллагын удирдлагууд бүтээн байгуулалтын ажлынхаа аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахгүй байна. Мөн газрууд нөхөн сэргээлтийн ажлыг эргэж хийхгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт 85 тусгай зөвшөөрөлтэй газар байгаагаас нөхөн сэргээлт хийгээгүй 54 газрын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн.
Өнөөдрөөс эхлэн НЦГ, НБОГ, НМХГ хамтран Хан-Уул, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг дэх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийхээр болсон. Шалгалтын хүрээнд нөхөн сэргээлт хийгээгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж буй газрын тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авна.
Улсын төсвөөр хийгдэж буй барилгын бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж байгаа. Зарим сургууль, цэцэрлэг дээр барилгын норм зөрчсөн, барилга чанаргүй баригдаж буй зөрчил байсан тул барилгын ажлыг зогсоож, БСШУСЯ-нд мэдээллийг хүргүүлсэн.
Мөн нийслэлийн хэмжээнд далан сувгийн 60 хувьд нь арчлалт, хамгаалалт хийж байна. Үерийн далан дээр зөвшөөрөлгүй буусан айлуудын судалгаа гаргаж холбогдох газруудад бичиг хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулж байна.
Түүнчлэн өндөр хүчдэлийн шугамын дор айл өрх, ААН-үүд барилгаа барьсаар байна. Өндөр хүчдэл дамжуулж буй шугамын доор 2.5 метрээс илүү ойртоход пускатал нь бууж, тогоо дамжуулах боломжгүй болдог. Тухайлбал, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж Баянгол дүүргийн 20-р хороонд аюултай нөхцөл үүссэн. Үүнтэй холбоотойгоор зарим барилгыг буулгах арга хэмжээ авна” гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.
Харин барилгын хяналты шалгалтын талаар НМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс “2019 он гарснаас хойш барилгын салбарт дөрвөн осол гарсан. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг 335 аж ахуйн нэгжид хийж, 364 зөрчил илрүүлж, 60 сая төгрөгөөр торгууль ногдуулсан. Байгууллагууд хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг гаргахгүй, харам хандсанаас зөрчил, дутагдал гарах нөхцөл бий болж байна.
Нийслэлийн хэмжээнд барилгуудын доороос хөрсний ус гарах асуудал гарч байна. Нийслэлээс ажлын хэсэг гарч эрдэмтдийн баг хоёр удаа нарийвчилсан судалгаа хийж нэгдсэн шийдэл гаргасан. Хөрсний ус 0.5-1 метрийн түвшинд дээшилсэн тул шинээр барих барилгуудад авах арга хэмжээг гаргасан.
Аж ахуйн нэгжүүд нийт зардлынхаа 1.5-аас доошгүй хувийг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаанд зарцуулах үүрэгтэй. Энэ зардлыг гаргахдаа зарим аж ахуйн нэгжүүд харамлаж байна” гэв.