Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна.
Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа.
Улаанбаатар хотын музейн байшинд 1921 оны 7 дугаар сард МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Цэргийн төв штаб, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1956 оноос хойш Улаанбаатар хотын музей байрлаж байна. Энэхүү түүхэн дурсгалт байшинд 1961 оноос хойш их засвар хийгдээгүй аж. Улаанбаатар хотын түүхийг харуулсан 3,200 гаруй үзмэр уг музейд хадгалагддагаас байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруй үзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.
Улсын хамгаалалтын зэрэглэлд авсан уг байшинг сэргээн засварлаж, музейг өргөтгөснөөр Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг орчин үеийн шийдэл, загвартай танхимаар олон нийтэд сурталчлан таниулах, хотын үнэт өв болсон үзмэрүүдийг музейн стандартын дагуу хадгалж хамгаалах орчин бүрдэх ач холбогдолтой юм.