Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Кын Хэ шүүхийн урьдчилсан сонсголоор өөрийг нь буруутгасан бүх зүйл ангийг бүрэн үгүйсгэжээ. Албан тушаалаасаа огцорч, дараа нь найз бүсгүй Чхве Сун Силийн авлигын схемд хамтран оролцсон хэргээр сэжиглэгдэн саатуулагдсан тэрбээр шүүхэд ирээгүй байна. Учир нь тэрбээр одоогоор шүүхэд заавал очих шаардлагагүй аж. Үүний оронд түүний өмгөөлөгч шүүхийн асуултад хариулсан байна.
Өмгөөлөгчийн мэдээлснээр экс Ерөнхийлөгчид 120 мянган хуудас хэрэг үүсгэсэн болохоор хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй гэнэ. Үүнээс гадна Пак Кын Хэ өөрийг нь авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, төрийн нууцыг задруулсан зэрэг 18 зүйлээр буруутгаж байгааг бүгдийг нь үгүйсгэсэн гэжээ. Шүүхийн үйл явц эхлэхээс өмнө 2-3 удаа урьдчилсан шатны сонсгол болох юм байна. Пак Кын Хэг авлигын томоохон хэрэгт хамааралтай хэмээн сэжиглэж буй юм.
Түүний дотны найз Чхве Сун Силь энэхүү том хэргийн гол буруутан нь болж, өнгөрсөн намар баривчлагдсан билээ. Тухайлбал, Пак Кын Хэг “Samsung” компаниас их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт хамааралтай гэж сэжиглэж байна. Үүнээс гадна түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, гуравдагч хүнд нууц мэдээлэл дамжуулсан гэж үзжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлүүдээр Өмнөд Солонгосын томоохон корпорациуд Чхве Сун Силийн сангуудаар дамжуулан их хэмжээний мөнгө шилжүүлж, үүнийхээ хариуд Засгийн газраас дэмжлэг авдаг тухай мэдээлэл цацагдсан.
Тэрхүү мэдээллийн дараа тус улсын улс төрд томоохон дуулиан дэгдсэн билээ. Төрд ямар нэгэн ажил эрхэлдэггүй Чхве Сун Силийн хувьд Ерөнхийлөгчийн ажилд хутгалдаж, энэхүү нөлөөгөө ашиглан их хэмжээний ашиг хүртдэг байв. Энэхүү дуулиант хэрэгт “Samsung”-ийн тэргүүн Ли Чжэ Ён зэрэг 30 хүн хутгалдсан байна. Харин Ерөнхийлөгч Пак Кын Хэг өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Үндсэн хуулийн шүүхээс огцруулах шийдвэр гаргасан юм. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 9-нд болно.
Э.ЗАЯА