Суут зураач Винсент Виллем ван Гог амьдралынхаа сүүлийн арван жилийн хугацаанд нийтдээ 2000 гаруй бүтээл туурвисны дотор 900 орчим уран зураг, 1100 зураасан зураг, ноорог бүтээжээ. Хамгийн их алдаршсан бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд бүтээсэн бөгөөд чухам энэ үед тэр Поль Гогентой андын харилцаагаа тасалснаас болж зүүн чихээ огтолсон билээ. Үүнээс хойш түүний сэтгэцийн өвчин үе үе хөдлөн улам хүндэрч, улмаар1890 онд амиа хорлоход хүргэсэн билээ. Түүний амиа хорлохдоо ашигласан гар бууг дуудлага худалдаанд оролцогч 162.5 мянган еврогоор худалдан авлаа. Винсент ван Гог 1890 оны долоодугаар сард олон жил шаналсан сэтгэцийн эмгэгээсээ болж 7мм-ийн Лафоше маркийн гар буугаар гэдсэн тус газраа буудсан юм.
Францын Овье сюр Ой тосгонд орших нэгэн фермер 1965 онд уг олдворыг олж байсан юм. Францын шинжлэх ухааны академийн судалгаагаар 1890-ээд оны үеийн гар буу болохыг тогтоосон байна. Тухайн цаг үед Овье сюр Ой тосгонд Винсент ван Гог амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн тул суут зураачийн амиа хорлосон гар буу байх магадлалтай гэж байсан билээ. Гэхдээ орчин цагийн эрдэмтэд яг таг мөн гэж хэлэхэд хэцүү гэж мэдэгддэг юм.
Олон жил судалгааны лабораторид хадгалагдсан дээрх гар бууг 2016 онд Ван Гогийн гэр музейн үзмэр болгон хадгалсан билээ. Тэр цагаас хойш дуудлагаар худалдах талаар олон байгууллагаас санал ирсэн ч Францын “AuctionArt” дуудлага худалдааны төв дуудлагаар худалдах эрхийг олж авсан юм. Дуудлагаар худалдан авсан эрхмийн нэрийг байгууллагын зүгээс нууцалж буй аж.