ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер нарын уулзалт
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Терроризмд турхирч хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд бүх нийгмийг хандуулах нь” сэдэвт дээд хэмжээний олон улсын бага хурал зохион байгуулагдаж байна.
Хурлын үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга бөгөөд Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн дарга, хурандаа Д.Гэрэл хурал даргалагч НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Мухаммад Шах, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Терроризмтой тэмцэх бүс нутгийн бүтэц (РАТС)-ийн Гүйцэтгэх хорооны захирал Жумахон Файёзович Гиёсов нартай ажлын уулзалт хийв.
ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Мухаммад Шах нарын уулзалт
ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл Терроризмтой тэмцэх бүс нутгийн бүтэц (РАТС)-ийн Гүйцэтгэх хорооны захирал Жумахон Файёзович Гиёсов нарын уулзалт
Уулзалтаар манай улс ЕАБХАБ-тай терроризмоос урьдчилан сэргийлэх, терроризмын санхүүжилтийг таслан зогсоох, хүний эрхийг дээдлэн хангах, онц-чухал дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав. Түүнчлэн, терроризм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэсэн 3 чиглэлээрх асуудлыг онцгойлон авч хэлэлцэв. Тодруулбал,
- Европын Холбооны улсуудын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлийн байгууллагуудтай хамтран ажиллах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх, шинжлэх тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа авах, ДНХ-ийн лаборатори байгуулахад дэмжлэг авах асуудлаар манай талаас урьдчилан тавьсан хүсэлтээ баталгаажуулж, энэ чиглэлд хамтран ажиллахаар болов. Мөн энэ чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, албан хаагчдаа сургалтад тогтмол хамруулах, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх;
- Терроризмтой тэмцэх чиглэлээр НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, олон улсын байгууллагын судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд, ЕАБХАБ-ын гишүүн, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл хамтран терроризмд турхирсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замыг эрэлхийлэхэд нийгмийг бүхэлд нь хандуулах, үр нөлөөтэй бодлого боловсруулахад тулгарч байгаа сорилт, сайн туршлагыг хэлэлцэх, улс хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өрнүүлэх замаар улс орнуудын ирээдүйн хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний үр дүнг бэхжүүлэх;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсаас хэрэгжүүлж буй зарим томоохон арга хэмжээнүүд, тэр дундаа хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын Ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагуудаас бүрдсэн Үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авч зохих үр дүнд хүрч байгааг илэрхийлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх туршлага, мэдлэгээ харилцан солилцох, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах, хамтарсан арга хэмжээ явуулахад идэвхтэй хамтран ажиллах зэрэг асуудлаар хамтын тохиролцоонд хүрэв.