Өнөөдөр (2017.05.02) хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлага “Эрдэнэт Үйлдвэр”-ийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус үйлдвэр “2017 оны нэгдүгээр улиралд үйлдвэрлэлийн төлөлвөгөөг 100 хувиас дээш ханган биелүүлж, зэс молибдений төлөвлөсөн нийлүүлтийг хийж, 86.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Энэ улиралд Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хувийн хэвшлийн ТУЗ-ын гишүүдийг чөлөөлж, 100 хувь төрийн ТУЗ-ийг бүрдүүлсэн. Гэвч “Монголын зэс” корпорациас Чингэлтэй дүүргийн захиргаа болон иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан бол шүүхээс “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан асуудлыг мөн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлсөн шийдвэрийг түдгэлзүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гарсан тул шийдвэрийг хүндэтгэхээс өөр аргагүй. Дараагийн шатны шүүхийн товыг хүлээж байна” гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар Төрийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 160 аж ахуйн нэгж байгаа. Тэдний 94 нь алдагдалтай ажиллаж, жил ирэх тусам орлого буурч, зарлага нь өсч байгаа тул ТӨБЗГ тэдгээр компанийн удирдлагуудтай алдагдлыг бууруулах гэрээ байгуулжээ. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд 2.4 их наяд төгрөгийн авлагатай байгаа гэнэ.