Шүүхийн шийдвэр гүйцэтгэх “Сүлд спорт” хорооны даргаар улсын аварга Н.Батсуурь томилогджээ. Эцэг болон эхийн талаасаа бөхийн удамтай Н.Батсуурь улсын наадамд дөрвөнтээ шөвгөрсөн бөгөөд 2014, 2018 онд Төрийнхөө Их баяр наадамд түрүүлж байсан бөх билээ.2006 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат түүнд “Ирээдүйн аварга” шагналаа гардуулсан.
Тэрбээр 2013 оны улсын наадамд зургаа давж шөвгөрөн, улсын харцага цол хүртжээ. 2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж “Спортын мастер”, 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж “ОУХМ” цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч юм.
1 comment
мэнгэтэй сайдын томилгоо биз дээ бодвол