“ЦАЦРАХ ЭГШИГ” НҮТББ-аас санаачилсан төслийн хүрээнд 4 дэх удаагийн АЛКОХОЛЬГҮЙ амьд хөгжмийн тоглолт өнөөдөр 16.00-21.00 цагийн хооронд Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд болно. Тус байгууллага нь 2018 оноос эхлэн өсвөр үе, залуучуудыг аливаа хорт зуршлаас татгалзахыг уриалах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “ГЭРЭЛТҮҮЛ” төслийг хэрэгжүүлж буй.
Энэ удаагийн тоглолт нь чөлөөт, залуу уран бүтээлчидтэй хамтран уран зураг болон амьд хөгжим хосолсон уур амьсгалыг бүрдүүлж, үзэгчдэдээ илүү бодит мэдрэмжийг өгөх, нийгэм, залуучуудад эерэг хандлагыг түгээж урлагаар дамжуулан хүний сэтгэлд гэрэл асаан, өнгө нэмж буйгаараа онцлог юм. Энэхүү тоглолтыг “ARTO” бүлгэм, “OIRAT” брэнд, “Yesui Mind” мэдээлэл технологийн компани хамтран зохион байгуулж байна.
“БОДИТООР МЭДЭРЬЕ, ЭЕРЭГЭЭР ХАРЪЯ” уриатай алкохольгүй амьд хөгжмийн тоглолтын тасалбар 10.000 төгрөг бөгөөд тасалбараараа “Тэнгис” кино театрт 25 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх, “Эхлэл” брэндийн барааг 25 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхтэй болох аж.
Хорт зуршлаас татгалзахад уриалж буй уг тоглолтод металл, альтернатив, панк болон рок урсгалын шинэ залуу хамтлагууд өөрсдийн санаачилгаар оролцож байна.
Тоглолтод оролцох хамтлагууд:
– BEDBUGS
– Dusty bags
– Хараацай
– The SHOM
– Uudee’s Band
– CQ Band
– Mort En Cruex
– The Tourists