БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 15 сар гаруйн өмнө Бээжинд айлчлах үеэрээ Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг эх орондоо айлчлахыг урьсан билээ. БНХАУ-ын дарга пүрэв гаригийн өглөө Хойд Солонгост хоёр өдрийн төрийн, түүхэн айлчлал хийхээр эх орноосоо морджээ. Энэ нь Хятадын төрийн тэргүүн Хойд Солонгост сүүлийн 14 жилийн хугацаанд албан ёсны айлчлал хийж буй анхны тохиолдол юм.
БНХАУ-ын даргыг түүний гэргий Пэн Лиюань болон БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, Коммунист намын Төв хорооны Гадаад хамтын ажиллагааны Комиссын дарга Ян Жечи, Гадаад хэргийн сайд Ван И зэрэг төлөөлөгч багтсан өргөн бүрэлдэхүүнтэй баг дагалдан яваа аж. Ши Жинпин өмнө нь 2008 онд дэд сайдын албан тушаал хашиж байхдаа Хойд Солонгост айлчилж байжээ.
Хамгийн сүүлд БНХАУ-ын төрийн тэргүүн Хойд Солонгост 2005 онд айлчилжээ. Ши, Ким нар хоёр орны хоорондын харилцаагаа сайжруулах алхмыг хийсээр буй юм. Хойд Солонгосын залуу удирдагч өнгөрсөн онд Хятадад дөрвөнтөө айлчилсан билээ.
Ирэх долоо хоногт “Их 20”-ын бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ, ОХУ, Өмнөд Солонгосын удирдагчид Япон улсыг зорих юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж, хоёр орны “худалдааны дайн” болон хамгийн сүүлд Ханойд болсон Трамп, Кимийн дээд хэмжээний уулзалт тодорхой амжилтад хүрээгүйн улмаас зогсонги байдалд ороод буй Хойд Солонгосын асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж буй талаараа мэдэгдсэн билээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN, KOREA TIMES