УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар эхлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилох санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Бямбацогт танилцуулав. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, гишүүдэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн, Ж.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Болд, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Г.Солтан нарыг, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томилох санал дүгнэлтийг чуулганы хуралдаанаар 40 гишүүний 23 нь дэмжлээ.
Ийнхүү ндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, УИХ-ын тогтоолын төслийг батлав.
Мөн дараа нь Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс Д.Тогтохсүрэнг чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тус хорооны даргаар батлав. Санал хураалтад 44 гишүүн оролцож, 56.8 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ёс зүйн дэд хорооны гишүүн болсноор өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Маргаашнаас эхэлж УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зүйл заалт бүрээр иргэдэд мэдээлэл өгч, ард иргэдийнхээ саналыг сонсох ажлыг зохион байгуулна” гээд, гишүүд тойрогтоо ажиллахдаа анхаарч ажиллахыг санууллаа.