Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өчигдрөөс (2019.06.17) өргөтгөн шинээр тавьж эхлээд байна.
Замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хөдөлгөөнийг 15 хэсэгт хааж бүтээн босголт хийж байна. Гэхдээ зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцож байгаа юм.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явна.
Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
УБ-Дархан чиглэлийн авто замын засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор дараах чиглэлийн авто зам дагуух хяналтын цэгүүдэд Автотээврийн Үндэсний төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран хяналт тавьж ажиллана.
Шинэ замыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгөөр тавьж байгаа бөгөөд дөрвөн эгнээтэй энэ замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна.