Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн асуудлаар АН-аас мэдэгдэл гаргаж, дахин байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүй ёсны хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч “60 тэрбум”-ын хууль бус сүлжээ үүсгэх замаар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг авсан МАН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг завдах нь Үндсэн хуулийн зорилго, зорилтод үл нийцнэ гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа хуулийг ноцтой зөрчсөн ба түүнийг нь УИХ хүлээн авч хэлэлцэж байгаа нь ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцэхгүй үйлдэл болж байна гэж үзжээ.
Өнөөдрийн МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй. Иймд хулгай, авлига, аллаг, худал амлалт дээд зэргээр бүрдсэн энэ УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байтугай санаачлах ч эрхгүй учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахыг мэдэгдэж байна. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бусад улс төрийн хүчин, нийгмийн зөвшилцөл, ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийг нэг нам дангаар өөрчлөх асуудлыг АН тууштай эсэргүүцэж, тэмцлийн бүхий л арга хэлбэрээр эсэргүүцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдлээ.
-Хуулийн ямар заалт зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ. Судлаачид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байсан. Энэ талаар?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хуулийн төсөл байдлаар өргөн барьдаг. Гэтэл Лүндээжанцан нарын гишүүд шууд өөрчлөлт гэсэн төслөөр УИХ-д оруулсан. Мөн Ерөнхийлөгчийн санал, хуульд заагдсан байгууллагуудаас саналыг авалгүйгээр төслийг өргөн мэдүүлсэн. 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр ҮХЦ-д маргаан үүсгэсэн нь шийдэгдээгүй байгаа энэ цаг үед өргөн барьсан байгаа зэрэг нь хуулийн зүйл заалт зөрчсөн байгаа юм. Тиймээс АН эсэргүүцэж байгаа.
2000 оны өөрчлөлт давхар дээлтэй болох боломжийг бий болгосон. Өнөөдрийн эрх баригчид 2000 онд гаргасан алдаагаа дахин давтаж байна. Хуулийн төсөл өргөн мэдүүлсэн Их хурлын гишүүд нь Ажлын хэсгийн гишүүдээсээ асуулт асуусаар байгаад л дуусч байна. Яагаад Их хурлын гишүүд өргөн мэдүүлсэн төслөө мэдэхгүй байгаа юм бэ. Тэгээд бүгд Ажлын хэсэгтээ санал тавиад яваад байх юм. 2000 оны дордохын долоон өөрчлөлтөөс дал дахин дордохуйц өөрчлөлтийг өргөн мэдүүлж байна. Бид үүнийг зогсоох ёстой.