Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1-т “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /76/ гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын дарга гишүүдэд танилцуулан хуралдааны ирц 80 хувьд хүрээд байгааг дуулгаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл (бүрэн эхээрээ)
Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго дор нэгдэж, шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталж, даяар олноо зарлан тунхагласнаас хойш 27 жил өнгөрөв. Үндсэн хуулийн үзэл санаа амьдралд биеллээ олж, улс орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол олон улсын түвшинд улам баталгаажиж, иргэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, өмчтэй байх, түүнийгээ захиран зарцуулах зэрэг Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ бодитойгоор эдэлдэг болсон нь Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, зарчмууд зөв байсныг батлан харуулж байна. 1992 онд Монгол Улс парламентын засаглалыг сонгосон. Үндсэн хуулийн энэ суурь үзэл баримтлалыг бид цаашдаа ч төгөлдөржүүлж, баталгаажуулах ёстой юм.
Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгдэж, Үндсэн хуулийн үзэл санаа амьдралд хэрэгжиж байна. Гэвч нийгмийн хөгжлийн шаардлага, цаг хугацааны эрхээр Үндсэн хууль тогтоогчдын урьдчилан тооцоолж чадаагүй зарим сорилттой ч тулгарч байна.
Монгол Улс 2000 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан, ийнхүү өөрчилсөн үйл явц ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ. Үе үеийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал санаачлаг УИХ-ын гишүүдээс цөөнгүй гарч, нэмэлт, өөрчлөлтийн 5 төслийг өргөн мэдүүлж байсан ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж парламентаар хэлэлцэгдэлгүй явж ирэв. Энэ нь тулгамдсан асуудлууд шийдэгдэхгүй ужгирч, үе үеийн Улсын Их Хурлын анхаарлын төвд байх байнгын сэдэв болж, нийгэмд хүлээлт үүсгэхэд хүргэж байна.
Иймд энэ удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан, өргөн мэдүүлж байсан төслүүдэд хөндөгдсөн асуудлуудын хувьд авах гээхийн ухаанаар хандсан бөгөөд тухайн асуудлын тулгамдсан байдал, түүний хэрэгцээ, шаардлагыг Үндсэн хууль хэрэгжиж ирсэн 27 жилийн туршлага, алдаа оноогоо дэнслэн, улс үндэснийхээ хөгжлийн ашиг сонирхолд нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлохыг хичээж ажиллав. Чингэхдээ Үндсэн хуулийнхаа суурь зарчмуудыг хөндөхгүйгээр, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг чанд мөрдөж, “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмыг баримталсан билээ.
Хэрэгцээ, шаардлагын судалгаа, зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж, олон нийтийн хэлэлцүүлгийн дүн, эрдэм шинжилгээний хурал, харьцуулсан судалгааны үр дүн, эрдэмтдийн саналаас үзэхэд:
• Өнгөрсөн он жилүүдэд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу хэрэгжиж чадаагүй байна.
• Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал хангалтгүй байна.
• Байгалийн баялаг ашиглах болон улс орны хөгжлийн зарим асуудлаар алс хэтийг харсан урт хугацааны бодлогын залгамж чанар үгүйлэгдэж байна.
• Засгийн газрын тогтвортой ажиллах, эрх барьж буй улс төрийн хүчин бодлогоо тууштай хэрэгжүүлэх нөхцөл тэр бүр бүрдээгүй байна.
• Улс төрийн нөлөөллөөс шалтгаалан төрийн албаны тогтвортой, мэргэшсэн, чадварлаг байх зарчим алдагдсан байна.
• Шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдал суларч иргэдийн шүүхэд итгэх итгэл буурсан байна.
• Нутгийн удирдлагын тогтолцоо Үндсэн хуулийн үзэл санааны дагуу төлөвшиж чадаагүй байна гэж дүгнэх үндэстэй байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлохдоо зөвлөлдөх санал асуулгыг хуулийн дагуу зохион байгуулж, иргэдийнхээ санаа бодлыг тандсан нь зөвлөлдөх ардчиллын шинэ хэлбэр боллоо.
Төслийн анхны хувилбарыг олон нийтийн хэлэлцүүлгээр, өргөн хүрээнд хэлэлцүүлсэн нь төслийг чамбайруулан сайжруулахад чухал ач холбогдолтой болов. Улсын хэмжээнд нийт 327 375 иргэн, 24 байгууллагаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор 5 584 832 нэгж санал гаргасан юм. Ирсэн саналыг нэгтгэн үзэхэд нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй асуудлаар нийт 79023 задгай санал ирсэн бөгөөд тэдгээрээс нэлээдийг нь төсөлд тусгаж, Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хөндсөн саналуудыг төсөлд тусгаагүй болно.
Төсөлд тусгагдсан үндсэн асуудлууд улс төрийн аль ч хүчин Улсын Их Хуралд олонх болсноос үл шалтгаалан үе үеийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд байгуулагдан ажилласан ажлын хэсгүүдийн саналд тусгалаа олж, уламжлагдан ирсэн билээ. Энэ дашрамд Үндсэн хуулийнхаа төгөлдөршилд сэтгэл оюунаа дайчлан ажилласан үе үеийн Улсын Их Хурлын гишүүддээ талархал илэрхийлье.
Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өнөөг хүртэл иргэд саналаа ирүүлсээр байна. Тэдний заримаас дурдвал нийслэлийн Сүхбаатар дүүргийн оршин суугч иргэн Маамхүүгийн Биндэрьяа гуай нийт 4 бүлэг бүхий “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийн төсөл” боловсруулснаа Улсын Их Хуралд 3 удаа, мөн дүүргийн оршин суугч Ш.Баньд төрийн эрх мэдлийн хуваарилалт, улс төрийн намын талаарх 7 зүйл бүхий саналаа 3 удаа, У.Доржпалам, Х.Цэвэлээ, Ж.Банзрагч тэргүүтэй 51 өндөр настан иргэд хамтран Хянан шалгах хороо байгуулах саналыг мөн 3 удаа, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, академич Т.Намжим /агсан/ нарын эрдэмтэд Үндсэн хуульд эдийн засгийн бүлэг нэмэх, болон Ардын Их Хурлын депутат асан Г.Очирбат, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, доктор, профессор Л.Энхтайван, Ц.Сүхбаатар, Р.Амаржаргал, Академич Т.Дорж, С.Нямзагд, А.Бакей нарын Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөл Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжлийн стратеги, урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөөнд тулгуурлан хөгжүүлэх, тус асуудлыг хариуцах төрийн захиргааны төв байгууллага байгуулах, эрдэс баялгийг ашиглах, хуваарилах зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах тухай санал, “Ардын эрхт түр хурлын төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Пүрэвдорж нар хоёр танхимтай парламенттай болох талаар саналаа ирүүлж байв.
Түүнчлэн Удирдлагын академи, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулахын их сургууль, Билиг дээд сургууль, “Их Засаг” олон улсын их сургууль, Улаанбаатар дээд сургууль зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд, Монголын хуульчдын холбоо, Монголын Нотариатчидын танхим, “Тусгаар тогтнол-100”, “Эх дэлхий мину” байгаль экологийн сан, “Эх нутаг, хүн зоноо хамгаалья”, “Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг”, “Үндсэн хууль тогтоогчдын холбоо” зэрэг иргэний нийгмийн байгууллагууд санал, шүүмжээ ирүүлсэн юм.
Төслийг улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, академич, Монгол Улсын Их Сургуулийн эмерит профессор С.Нарангэрэл, академич Ж.Амарсанаа, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан доктор профессор Н.Жанцан нарт болон Хууль зүйн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэд, судлаачдад хүргүүлж, ирүүлсэн саналыг нь төслийг боловсруулахдаа анхааран үзсэн болно. Төслийн талаар үнэтэй санал ирүүлсэн эрдэмтэн судлаачдад болон олон нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал гаргасан иргэддээ гүн талархал илэрхийлье.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа 2000 онд орсон 7 нэмэлт, өөрчлөлтийн нэгийг уг эхээр нь сэргээж, тавыг нь засан сайжруулж:
• Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах;
• Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах;
• Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах;
• Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандууллаа.
Эдгээр багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг хамарч байна.
Нэг. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад доор дурдсан асуудлыг тусгав. Үүнд:
1.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохоор зааж, Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлах өөрчлөлт оруулав.
2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал өөрөө тарах, Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг Ерөнхийлөгч тараах, Улсын Их Хурал тарсан тохиолдолд сонгууль зарлах, явуулах хугацааг тогтоосноор 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгийг Улсын Их Хурлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор өөрчлөн найруулав.
3.Улсын Их Хурал сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж томилох бүрэн эрхээсээ татгалзах, мөн улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нэмэлт, өөрчлөлт орууллаа.
4.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах, түүний бүрэн эрх, ажиллах журмыг тогтоосон нэмэлтийг оруулав.
5.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох боломжийг нээхийн зэрэгцээ ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглов.
6.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалтаа нийтэд байнга ил тод байлгах үүрэг хүлээх, намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтоохоор тусгав.
7.Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, тэгш байдал, шударга ёсны зарчмыг баримтлах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг алс хэтээ харсан урт хугацааны төрийн бодлогоор тодорхойлох зохицуулалтыг Үндсэн хуульд тусгав.
Хоёр. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт,өөрчлөлтийн багцад доор дурдсан асуудлыг тусгав. Үүнд:
1.Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулахаар өөрчлөв.
2.Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байхаар өөрчлөн найруулав.
3.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх, Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцох, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохоор тусгав.
4.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэх, хэрэв тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцох, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор тусгав.
5.Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тогтоож, Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлан 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн нэгийг өөрчлөн найруулав.
6.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байх талаар зохих нэмэлтийг оруулав.
7.Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчлөн найруулав.
Гурав. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад доор дурдсан асуудлыг тусгав. Үүнд:
1.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр, тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан иргэнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор өөрчлөн найруулав.
2.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэхээр зааж, уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор өөрчлөв.
3.Бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж, Ерөнхийлөгчид батламжлуулахаар хүргүүлэх, Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах, эсхүл Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл батламжлахаас татгалзаж үндэслэлээ нийтэд мэдээлэх, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шинэчлэн найруулав.
4.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор өөрчлөв.
5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлж, Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн дэх зохистой төлөөллийг шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэдээс тэнцвэртэй бүрдүүлж, дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахаар тусгана. Шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгохдоо нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгохоор тусгав.
6.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус-гишүүдийг нэр дэвшүүлж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор заав.
7.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхын саналаар сонгож, зөвлөл шийдвэрээ нийт гишүүний олонхын саналаар гаргахаар тусгав.
8.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэрийг Шүүгчийн хариуцлагын зөвлөл гаргахаар нэмнэ. Зөвлөл нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, хууль зүйн эрдэмтэн, нэр хүндтэй иргэдийн тэнцвэртэй төлөөлөл бүхий есөн гишүүнтэй, зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллаж, тус зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхийн саналаар сонгохоор нэмэв.
9.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилгооны сонсгол хийсний үндсэн дээр Улсын Их Хурал нийт гишүүний олонхын саналаар томилохоор өөрчлөв.
10.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглохоор өөрчлөв.
Дөрөв. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад доор дурдсан асуудлыг тусгав. Үүнд:
1.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоохоор тусгана.
2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага байх, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд орон нутгийн татвар тогтоох, өмчийн эрх эдлүүлэх замаар эдийн засгийн үндсийг бүрдүүлнэ. Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөс сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэх, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гаргах хүрээг тодорхойлно.
3.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилох, сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор заана. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар огцруулах, чөлөөлөхөөр тусгана.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр тусгав. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар тусгав.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авав
Төсөл санаачлагчийн илтгэлийн дараа Улсын Их Хурлын дарга чуулганы хуралдаанд оролцож буй ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцууллаа. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, АИХ-ын депутат асан Д.Чойжамц, Үндсэн хууль судлаач, УБХ-ын гишүүнээр ажиллаж, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэгт багтан ажиллаж байсан Д.Ламжав, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагважав, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, МУИС-ийн багш, доктор Ч.Өнөрбаяр нарын төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд урилгаар оролцсон юм.
Улсын Их Хурлын дарга ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцууллаа. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, ажлын дэд хэсгийн гишүүн, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Р.Хатанбаатар, ажлын дэд хэсгийн гишүүн, АИХ-ын депутат, УБХ, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн, ажлын дэд хэсгийн гишүүн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор, Үндсэн хууль судлаач, хууль зүйн ухааны доктор Г.Бямбажаргал, ажлын дэд хэсгийн гишүүн, Үндсэн хууль судлаач О.Машбат, ажлын дэд хэсгийн гишүүн, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор, Үндсэн хууль судлаач Д.Сүнжид, ажлын дэд хэсгийн гишүүн, Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт, ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Үндсэн хууль судлаач, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлэгт ажлын хэсгийг төлөөлөн оролцов.
Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлсэн Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийх зорилгоор доктор, профессор Ч.Энхбаатараар ахлуулсан судлаачдын баг ажилласан бөгөөд тэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээг тодорхойлоход оролцсон байна. Үүнийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон дурдаад “Төсөл өнөөдрийн шатанд хүртэл боловсруулагдан, Улсын Их Хурлаас нэг дэх хэлэлцүүлгийг хийх хүртэл олон зуун хүний олон жилийн судалгаа, хөдөлмөр орсон. Түүнчлэн хэд хэдэн Улсын Их Хурлын бүрэн эрхийг дамжин ажилласан ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүдийн нөр их ажлын үр дүн энэ юм. Энэ хугацаанд төсөл маш сайн “шахагдаж, шүүгдсэн”-ийг дурдах нь зүйтэй” гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байдаг. Энэ дагуу хууль санаачлагчийн илтгэлийг сонссоны дараа уг илтгэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсэг, ажлын дэд хэсгийн гишүүдээс хариулт, дэлгэрэнгүй тайлбар авлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир илэрхийлэв. Үргэлжлүүлэн тэрбээр Орхон аймгийн 100.000 гаруй оршин суугчтай Баян-Өндөр сумыг Эрдэнэт хот, Дархан-Уул аймгийн Дархан сумыг Дархан хот болгохтой холбоотой саналын томъёоллыг нь төсөлд тусгаагүй байгаа шалтгааныг тодрууллаа. 100 мянга гаруй иргэдэд сумын статустай төрийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байдаг талаар тэрбээр тайлбарласан юм. Орхон аймгийн Баян-Өндөр сумын нийт иргэдийн 98 хувь нь хотын статустай болохыг дэмжсэн бөгөөд энэ талаарх саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлж байснаа дурдав. Төслийн хэлэлцүүлгийн явцад энэ талаар тусгасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаж, төсөлд тусгуулах чиглэлээр идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Ажлын хэсгээс хариулт өгөхдөө, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг Улсын Их Хурлын түвшинд 2008 оноос хойш санал гарган, түүнээс хойш парламент бүр энэ чиглэлээрх ажлын хэсгийг байгуулан ажиллаж ирснийг дурдав. Хэлэлцэж буй энэхүү төслийг боловсруулсан ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг сүүлийн 2-3 жил ажилласан гэлээ. Энэ явцад Дархан, Эрдэнэтийг хотын статустай болгох томъёолол 5 удаа өөрчлөгдсөн бөгөөд хот, тосгоны статусыг судалдаг эрдэмтэн, судлаачид, улстөрчид төслийг боловсруулах явцад хэлэлцэн, судалж, бусад улс орны жишгийг харьцуулсны эцэст төсөлд “Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно” гэж тусгасан гэв. ХБНГУ-ын Үндсэн хуульд 3 хотыг мужийн статустай хэмээн нэр цохон заасан байдаг бол ОХУ-ын Үндсэн хуульд Москва, Санкт-Петрбургийг нэр цохон “хот” хэмээн онцлон тусгасан байдгийг дуулгав. Хууль зүйн техникийн хувьд Үндсэн хуульд тодорхой нэршил оноон заахаас зайлсхийх нь оновчтой хэмээн үздэг олон улсын чиг хандлагыг баримталсаны зэрэгцээ төсөлд Улаанбаатар хотоос гадна улсын чанартай болон орон нутгийн харьяалалтай хоттой байх эрх зүйн үндсийг ерөнхий агуулгаар нээж өгч буй гэдгийг ажлын дэд хэсгээс тайлбарлав.
Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хурал нэгбүрчлэн томилдог байхыг өөрчлөх нь эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулах эрсдэлтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тэмдэглээд, “Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах асуудлыг бүрэн шийдвэрлэх нь зүйтэй” гэдэг саналыг илэрхийлсэн юм.
Парламентын тогтолцоотйо орны Ерөнхий сайд нарт байдаг жишгийн дагуу эрх мэдлийг олгохоор төсөлд тусгасан. Үүнтэй зэрэгцээд, парламентын тогтолцоотой бусад улсад байдаг гүйцэтгэх эрх мэдлийг хянах 5 төрлийн механизмыг бий болгох зохицуулалтыг төсөлд тусгаснаар хяналт, тэнцэл алдагдах эрсдлээс сэргийлнэ хэмжээн ажлын дэд хэсгийн гишүүд тайлбарласан.
Хуулийн төслийг санаачилсан гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “1992 онд батлагдсан Үндсэн хууль өнөөдрийг хүртэл 27 жилийн хугацаанд үүргээ сайн гүйцэтгэсэн гэж үздэг. 2016 оны парламентын бүрэлдэхүүний бүтэц нь энэхүү төслийг хэлэлцэх эрхийг Монголын ард түмнээс олгосон, ард түмний захиалга гэж ойлгож байгаа” гэлээ. Улс орныг хөгжлийн гацаанаас гаргах түүхэн хариуцлагыг энэ удаагийн парламент хүлээж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь гацаанаас гарах гарц хэмээн тэрбээр тэмдэглээд, төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ядуурлыг бууруулах арга замыг энэхүү төслийн хүрээнд хэрхэн харж, шийдлийг тусгасан эсэхийг тодруулаад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэдэг байр сууриа хэлэв. Мөн гишүүдийн тодруулсанчлан, төсөлд Засгийн газрын бүтэц, яамдын нэрийг тодорхой тусгаагүй талаараа ажлын хэсэг, ажлын дэд хэсгийн гишүүд дэлгэрэнгүй тайлбарласан. Яамдын нэр, тоог төсөлд тусгах санал гарч байсан ч Үндсэн хууль судлаачид оновчгүй гэдгийг хэлж байв. Олон улсын жишигт ганц, хоёр яамыг нэр цохсон байдаг. Үндсэн хуульд Засгийн газрын бүтэц, яамдын нэрийг цохон тусгавал шинээр байгуулагдах Засгийн газар бүрт бодлогоо тодорхойлохдоо Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага үүсч, улмаар Үндсэн хуулийн тогтворгүй байдалд хөтлөх эрсдэлтэй байдаг талаар тайлбарласан. Түүнчлэн парламенттай холбоотой төслийн агуулга энэ хэвээрээ батлагдах юм бол парламентат ёсыг бэхжүүлэх ач холбогдолтой гэдгийг ажлын дэд хэсгийн гишүүд тайлбарлаж байлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал нь дур зоргын шинж чанартай байгаагүй бөгөөд олон эрдэмтэн, судлаачид, үе үеийн парламентын ажлын хэсгүүдийн судалгаа, шүүлт, шүүлтүүрээр тодорхойлогдсон хүрээнд хэлэлцэгдэж байгаа” гэдгийг хэллээ. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар тэрбээр хэлэхдээ “Сумын Засаг дарга нэг бол дээд шатнаас томилдог, эс бол нийт иргэдээсээ сонгогддог байх шаардлагатай гэдэг саналыг Сумын Засаг дарга нар төдийгүй сумын иргэд ч хэлдэг. Олонтаа яригддаг уг асуудлыг шийдвэрлэхээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан” хэмээн онцоллоо. Ажлын дэд хэсгээс нутгийн удирдлагыг боловсронгуй болгох нэмэлт, өөрчлөлтийн талаар тайлбарлахдаа, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 2018 онд судлаачдын баг үнэлсэн байна. Эндээс аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд чиг үүрэг, нийтлэг байдал нь давхцалтай, тэдгээрийн бие даасан байдлыг эрх зүйн хүрээнд хангалттай бэхжүүлээгүй өнөөдрийг хүрсэн гэдэг хоёр дүгнэлт гарсан байна. Иймд хэлэлцэж буй төслөөр аймаг, нийслэл, сум, дүүрэг гэдгийг тус тусад нь ялгаж, чиг үүргийг нийтлэгээр бус, тус бүрт нь эрх зүйн хүрээнд тодорхойлох ач холбогдолтой болохыг тайлбарлалаа. Сум, дүүргийн хэмжээнд иргэд ИТХ-аа сонгоод, төлөөллийн төлөөлөл гэдэг утгаараа тэндээсээ аймаг, нийслэл рүү ИТХ-аа бүрдүүлэх үзэл баримтлал баримталсан гэсэн.
Төсөл дэх шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой зохицуулалтуудын талаар тодруулсан гишүүдийн асуултад ажлын хэсэг болон дэд ажлын хэсгээс хариулт өгсөн. Одоогийн зохицуулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхой зохицуулаагүйгээс үүдэн хууль өөрчлөх замаар Шүүхийн ерөнхий зөвлөл улс төрийн байгууллагын хараа, мэдэлд ороод байгааг өөрчлөхийн тулд ямар арга, журмаар, ямар бүрэлдэхүүнтэйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулахыг зааж өгч буйгаараа онцгой ач холбогдолтой гэдгийг ажлын хэсэг тайлбарлаж байв. Шүүхийн ерөнхий зөвлөл тэнцвэртэй, хяналттай бүрэлдсэнээр Улсын дээд шүүхийн томилгоо хийгдэнэ. Бүх шатны шүүгчийг одоо Ерөнхийлөгч томилдог бөгөөд төслөөр Ерөнхийлөгч томилох бус батламжлах болж байна. Харин шүүгчдийг мэдлэг, туршлага, ёс зүйн талаас нь шалгуур тавьж томилох чиг үүрэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжин ирэх юм байна. Шүүгчдийг эгүүлэн татах, ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудлуудыг органик хуулиараа зохицуулах боломжтой гэлээ. Түүнчлэн шүүгч бол хүний амьдрал, эрх, эрх чөлөө, өмч хөрөнгөтэй холбоотой амин чухал шийдвэрүүдийг эцэслэн гаргах учир туршлагатай, ёс зүйтэй, мэргэшсэн байх шаардлагын үүднээс насны босгыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн гэлээ.
Ийнхүү гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм.
Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасны дагуу хууль санаачлагчийн илтгэлийг сонсож, илтгэлтэй холбогдуулж асуулт, хариулт явуулсны дараа Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу хэлэлцэх, эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ хэмээн танилцуулгын эхэнд дурдсан.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе, үеийн парламентууд ярьж, тодорхой төслүүдийг боловсруулж, иргэд, олон нийтээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон тооны саналууд ирүүлж байсан бөгөөд энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, нухацтай судлан Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай нийцүүлж, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу иргэд олон нийтийн оролцоог хангаж, санал тус бүрийг Үндсэн хуулийн бусад зохицуулалттай хэрхэн уялдаж буйг сүүлийн хоёр жил нягт судалсны үндсэн дээр төслийг боловсруулсан байна.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр, Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч, байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд тэгш хүрэх боломжийг нээж өгч, парламентын ардчиллыг зөв гольдролд оруулна; ард түмний засаглах эрхийг ханган Улсын Их Хурлын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийг оновчтой болгож, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангана; хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараат бус байдлыг хангана; улсын болон орон нутгийн харьяалалтай хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрөө удирдах ёсыг боловсронгуй болгон, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгодог болно гэж хууль санаачлагчид үзсэн бөгөөд нэмэлт, өөрчлөлтийн үндсэн агуулга нь бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулж, шударга ёсыг бэхжүүлэх, хяналт тэнцвэр, тогтвортой байдлыг хангахад чиглэжээ.
Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Л.Болд, Д.Дамба-Очир, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Энхболд нар газрын хэвлийн баялаг, баялгийн шударга хуваарилалтын тогтолцоо, Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт тэнцэл, Шүүхийн тогтолцоо, шударга ёсны үнэлэмжийг дээшлүүлсэн зохицуулалт, Дархан, Эрдэнэт хотын болон хот, тосгоны эрх зүйн байдал, Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа, сум дүүргийн Засаг даргын сонгууль, Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх дэгийн зөрчил үүсэх эсэх талаар асуулт асууж, хууль санаачлагчид болон ажлын дэд хэсгээс хариулт, нэмэлт тодруулга авсан болно.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат сонгуулийн тогтолцооны асуудлыг илүү тодорхой болгох, хуульд заасан байгууллагуудын саналыг нэгдсэн хуралдаанд сонсох, иргэдийн санал шүүмжийг авах, хэлэлцүүлгийн үед процессын алдаа гаргахгүй байх, гишүүдийн саналыг онцгой анхаарч үзэх, Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь энэ парламентын ард түмнээс авсан даалгавар болох, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өргөн хүрээтэй томоохон хэлэлцүүлэг хийж санал дүгнэлт гаргаж байгаа бөгөөд эдгээр саналуудыг анхааралтай судлан хүндэтгэн үзэх, процедурын асуудлыг маш сайн анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат 1992 оны Үндсэн хууль нийгмийн шаардлагыг хангасан, дэвшил авчирсан бөгөөд түүхэн үүргээ гүйцэтгээд дараагийн хөгжлийн шатандаа орж өөрчлөгдөн шинэчлэгдэж байна, энэ бол цаг хугацааны нийгмийн шаардлага бөгөөд ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хотын эрх зүйн байдлын зохицуулалтыг дэмжиж байгаа бөгөөд төрийн албыг хараат бус, шударга ёсны зарчим, тэгш байдлыг хангахад чухал зохицуулалт болсныг дэмжиж, цаашид органик хуулиар нарийвчлан зохицуулах, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал, Улсын дээд шүүхийн зохицуулалтыг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нэмэлт, өөрчлөлтийн төсөлд олон сайн зохицуулалт байгааг хэлэх хэрэгтэй, харин тунхагийн шинжтэй зохицуулалт байгааг анхаарах, тухайлбал сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын зохицуулалт, баялгийн сангийн зохицуулалтыг тодруулах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааг хариуцлагажуулах, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар шүүх, эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Шүүхийн хариуцлагын зөвлөлийн зохицуулалтыг оруулж ирсэн нь том дэвшил болсон, ард нийтийн санал асуулгаар оруулж уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт энэ удаагийн 64 гишүүн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь 2011 оноос хойш Улсын Их Хурлын гишүүдийн өргөн барьж байсан 7 удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн үзэл баримтлалыг нэгтгэсэн, цаг үе, нийгмийн шаардлагаар яригдаж байгаа асуудлыг тусгасан төсөл болсон.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хуульд заасан байгууллага, албан тушаалтнууд, нам, эвслийн бүлэг, зөвлөл саналаа чуулганы нэгдсэн хуралдаанаар илэрхийлэх асуудал нээлттэй бөгөөд цаашид иргэд олон нийтийн санал шүүмжийг хэлэлцүүлгийн үед болон хэлэлцүүлэг хоорондын хугацаанд нээлттэй, тасралтгүй авч, иргэдийг мэдээллээр ханган явагдах талаар тус тус үг хэлж, байр сууриа илэрхийлсэн болно.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд хариуцлагатай хандах, санал хураалтын босгыг өндөр байлгах, мөн цахим санал хураалт эрсдэлтэй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.2-т заасны дагуу Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр ил санал хураалтыг гар өргөж шийдвэрлэхээр горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
Үүгээр энэ өдрийн хуралдаан өндөрлөсөн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг 06 дугаар сарын 18-ны Мягмар гарагийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ.
Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн зөвшилцлийн гэрээ гэдгийг онцлоод, Улсын Их Хурал дахь цөөнхийн зөвлөлөөс төслийн үзэл баримтлалын талаар санал, дүгнэлтээ танилцуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авсан, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх бололцоог хангах зорилгоор хэлэлцүүлгийг мягмар гараг хүртэл хойшлуулж байгааг мэдэгдсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.