Говь-алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд энэ сарын 15-ны өдөр орсон аадар борооны улмаас үер бууж, үерийн улмаас автозам усанд автаж, иргэд усанд боогджээ. Онцгой байдлын газрын алба хаагчид усанд боогдсон гэх дуудлагаар 13 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын нутгаар орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж, Улаанбаатар хотоос Лүн сумын чиглэлийн улсын чанартай 110-113 дахь км-т хатуу хучилттай автозамын зорчих хэсэг их хэмжээний усанд автаж, Баянхангай сумын 4 настай охин Ц сураггүй болсон дуудлагаар /2019.06.15-ны өдрийн 17:30 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, охины цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-т автозамын зорчих хэсэгт их хэмжээний ус урсаж, замын байгууламжид эвдрэл үүсэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулах боломжгүй байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас тухайн хэсэгт автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна.
Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн “Зэгэс” гэдэг газар иргэн Т-ын гэр усанд автаж, 5 том хүн, 3 хүүхэд усанд боогдсон байна. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Мөн Говь-Алтай аймгийн Тайшир суманд энэ сарын 15-ны өдрийн 22:40 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас малчин М, Б, Т нарын 3 гэр усанд автаж, 2 том хүн, 3 хүүхэд усанд боогдсон гэсэн дуудлагаар /2019.06.16.-ны өдрийн 01:23 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэдийг гэрийнх нь хамт нүүлгэн шилжүүлэн, аюулгүй болгосон байна.
Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хѳрѳнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Тѳв аймгийн Лүн сум, Тѳв аймгийн Лүн сум-Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг өчигдрийн (2019.06.16) 18:00 цагаас өнөөдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Цаг уурын байгууллагын мэдээгээр өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно. Иймд өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж:
-Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн автозамд зорчихгүй байх,
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.