Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн 49 дүгээр гудамжинд 50 настай Х /эрэгтэй/ энэ сарын 11-ний өглөө 06:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр 17:56 цагт ирсэн байна.
Х-ын өмсөж явсан хувцас Ховд голын эргээс /аймгийн төвөөс зүүн зүгт 3,5 км-т/ олдсон аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, мөн ар гэрийн 30 иргэн, нийт 38 хүн 3 бүлэгт хуваагдан “Найрамдал-Уул”, “Хар-Үзүүр” гэдэг газарт 15 км-т завиар урсаж, “Хасбаатарын хөшөө”, “Бугатын хар үзүүр”, “Найрамдал-Уул”, “Соёмбот-Уул” гэдэг газарт 15 км-ын тойрогт явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:40 цагт зогсоожээ. Эрлийг өнөөдөр 06:00 цагт дахин эхлүүлсэн байна.