Атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Газар тариалангийн анхны шанг татсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.
–Сайхан зусч байна уу. Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил “Атрын 60 жил”-ийн ой тохиож байна. Бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?
–Манай аймагт зуншлага сайхан болж байна. Энэ жилийг “Бүтээн байгуулалт, өрхийн аж ахуйг дэмжих жил” болгон зарласан. Сэлэнгэ аймаг яахын аргагүй атрын үндэс суурь болсон нутаг. Цагаан сарын дараагаас аймгийн хэмжээнд зохион байгуулсан бүх үйл ажиллагаагаа “Атрын 60 жил”-тэйгээ холбож зохион байгуулж байгаа.
Мөн аймгийнхаа үндэсний их баяр наадмыг ирэх сарын 6, 7-нд 60 жилийн ойн баярын хүрээнд улсын цолтой бөхчүүдийг аймагтаа барилдуулж, газар газрын хурдан хүлэг, мэргэн харваачид цугласан наадмыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа хийж байгаа. Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас энэ ойд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа.
–Энэ жилийг “Бүтээн байгуулалт, өрхийн аж ахуйг дэмжих жил” болгон зарласан гэлээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
–Өрх бүр ажилтай, орлоготой, үйлдвэрлэгч байж ажлын байрыг олноор бий болгоно. Уул уурхай гэхээсээ илүүтэй хүний хөдөлмөрийг дэмжих нь хамгийн зөв бодлого шүү дээ. Бодлогын хүрээнд дэмжиж байгаа. Заавал мөнгө гэлтгүй бодлогоор их ажил хийж болдог. “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэсэн Сэлэнгэ аймгийн уриа байдаг. Энэ зорилгод хүрэхийн тулд иргэд бие биеэ дэмжих ёстой юм. Хүнсний ногоо маань ч ченжүүдийн гарт орж байна. Хаврын тариалалтаа намар хураахаар сургууль, цэцэрлэг эхэлчихнэ.
Алтанбулагийн хил маань 24 цаг үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан аялал жуулчлал их хөгжиж байгаа учраас гадны жуулчдад үзүүлж харуулах юмтай болж байна
Айл бүрт мөнгөний хэрэгцээ гарч ирэх үеэр тариаланчид маань хүнсний ногоогоо ченжүүдэд 50 төгрөгөөр үнээ буулган, нэг нэгнээсээ өрсөөд өгчихдөг. Энэ нь ямар ч ашиггүй ажиллаж байна гэсэн үг юм. Намар нийлүүлэлт ихсээд үнэ буураад байдаг юм бол тариаланчид маань өөрсдөө саалиа бэлдэхээр саваа бэлд гэж гурав дөрвөн сар зоориндоо хадгалаад буцаагаад үнэтэй зарж ашигтай ажиллах боломж бий. Сум суманд нь зоорь болгохоор нүхийг нь ухаж өгнө.
–Энэ онд ямар бүтээн байгуулалт хийж байгаа талаар танилцуулахгүй юу?
–Аймгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Сэлэнгэ аймгаас Мандал сум руу 22 км зам тавьж байгаа. Мөн Монгол Улсдаа анх удаа Сайханы хөтөлд шилэн тавцантай 70 метрийн урттай 30 метрийн өргөнтэй гүүр барьж байгаа. Энэ нь хойд Алтанбулагийн хил маань 24 цаг үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан аялал жуулчлал их хөгжиж байгаа учраас гадны жуулчдад үзүүлж харуулах юмтай болж байна гэсэн үг юм. Энэ бол манай аймгийн иргэдэд зориулсан том дэмжлэг болж байна гэж харж байгаа. Улсаас, аймгаас ч бай бусад сумандаа ч хөрөнгө оруулалтын ажлууд тавигдсан. Миний мэдэхийн хамгийн том хөрөнгө оруулалт орсон жил болж байна гэж харж байна. Мөн хэд хэдэн сургууль, цэцэрлэг барихаар улсын төсөвт тавигдсан.
–Танай аймаг эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлнэ гэж байсан. Энэ талаар?
-Мөн мал аж ахуй, тариаланг тусад нь салгана гэдэг нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулна гэсэн үг юм. Дан газар тариалангаа хөгжүүлээд малчид, мал аж ахуйгаа хайхрахгүй байна гэсэн үг бол биш юм. Сэлэнгэ аймгийн бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн. Бэлчээргүйн улмаас мал нь тариан талбайн бүсэд орж ирэх явдал ихсээд байгаа. Тариаланчдаа гэх үү, малчдаа гэх хэцүү ийм нөхцөл Сэлэнгэ аймагт тулгараад байгаа юм.
Үүнийг зохицуулсан тусгай журам гаргаж малчид, тариаланчдын зөрчлийг арилгах ёстой. Манай аймаг энэ жил 1.6 сая толгой мал тоолуулсан. Гэтэл манайх газар тариалангийн бүс нутаг гээд нэгэнт суурьшсан мал сүргээ хөөж гаргалтай биш. Тэглээ ч Засгийн газраас нэг ч малгүй газрыг газар тариалангийн бүс гэнэ гэж тодорхой заагаагүй. Ийм шийдвэрээс маргаан үүснэ. Энэ бол нэг хоёр жилийн дотор шийдэгдэх асуудал биш юм. Манай аймаг саналаа явуулахдаа Засгийн газарт “Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг” болгож тодорхойлж өг гэсэн. Ер нь бэлчээрийн мал аж ахуй бус, фермерийн чиглэлээр хөгжүүлье гэж тооцсон.
–Сэлэнгэ аймаг бол улсын газар тариалан, үр тарианы 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг аймаг. Сортын төмстэй болно гэв үү?
–Улсын хэмжээний хүнсний ногооны 60 хувийг бүрдүүлдэг гэж цээжээ дэлдэж, онгирч ярьдаг Сэлэнгэ нэрийн төмсний сортгүй л аймаг. Улаанбаатар хотод Сэлэнгийн төмс гээд 1000 төгрөгөөр зардаг. Гэтэл яг ямар нэрийн, сортын төмс вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр бид ерөнхий бодлого гаргаж, газар тариалан, стратегийн онцгой ач холбогдолтой аймгийн хувьд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой. Тиймээс “Сэлэнгэ-5” гэдэг сортын төмсийг төмс үр үржүүлгийн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байрлалтай “Элит үр” компанитай хамтран хөрсгүй орчинд тариалдаг, сортын амт чанар сайтай, чаналт, хадгалалт даадаг Сэлэнгэ брэндийн төмстэй болно. Хөрсгүй вакум орчинд, Дарханы хүрээлэнд нутагшуулан, туршиж байна.