УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах хүсэлтээ өнгөрөгч долоо хоногт албан ёсоор хүргүүлсэн байгаа. Түүний хүсэлтийг УИХ-д бүлэггүй болсон АН дуртайяа зөвшөөрч, өчигдөр нааштай хариу барьжээ.
Тус бичигт:
“Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах Таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.
Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” хэмээн дурджээ.
Ингэснээр МАХН-аас нэр дэвшин сонгогдсон О.Баасанхүү МАХН гэдэг нэр, энэ намтай “гэрлэсэн” гэрлэлтээ цуцлуулалгүй АН гэдэг намын “хөнжил”-д багтлаа.