Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурлаар өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар хаалттай мэдээлэл хийсэн. Улмаар Байнгын хорооноос уг асуудалтай холбоотойгоор тогтоолын төсөл хэлэлцэн баталжээ.
Тухайн төсөлд дипломатуудыг томилж байгаа болон томилогдож байгаа этгээдүүдийн хариуцлагын талаар, дипломат төлөөлөгчдийн газрууд дээрх хар тамхи, бусад хэрэг зөрчлийн нөхцөл байдал, эрсдэл ямар байна вэ гэдгийг Ажлын хэсэг гаргаж шалгуулах, мөн дипломат паспорт олгож байгаа асуудал, автомашинд дипломат дугаар олгож байгаа асуудлыг цэгцлэх, хянах, хариуцлагажуулах, удирдах албан тушаалтнуудыг төдийгүй албан хаагчдыг ч хариуцлагажуулах, хар тамхитай тэмцэх байгууллагын статусыг эргэж ярих, бэхжүүлэх, техник тоног төхөөрөмж, боловсон хүчин гэх зэрэг чухал ач холбогдол бүхий олон асуудлыг тусгасан аж. Түүнчлэн холбогдох албаныханд үүрэг даалгавар өгчээ.
Энэ талаар тус байнгын хорооны дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Тэрээр “Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн. Ялангуяа өмнө нь тамхины наймааны хэрэгт орооцолддог зөрчлүүд гардаг байсан. Нэг удаагийн эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан. Нэг эргэлт нь гурван сая еврогийн үнэтэй гэсэн мэдээлэл байна. Тиймээс төрөөс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол Монгол Улсын нэр хүндийн асуудал болоод байна. Энэ нь нэг хоёр удаагийн үйлдэл биш байна. Тийм учраас манай байнгын хороо УИХ-ын Даргын зөвлөлөөр шийдсэний дагуу Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо. Мэдээллийг сонсоход ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга болон бусад холбогдох албанынхан оролцлоо.
Хаалттай хэлэлцсэн нь хуулийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нууцлалтай байдаг. Мөн зарим хүнтэй холбоотой сайдын мэдээлэл нууцын журмаар ирсэн учир холбогдох хуулийн дагуу хаалттай хийлээ. Хуралдаанаар бид томилгооны асуудлыг нухацтай ярилаа. Томилгоо оновчгүй учраас асуудалд орж байна, үүнд хэн хяналт тавьж, хэн хариуцах вэ, яаж таслан зогсоох вэ гэдгийг хэлэлцээд, энэ чиглэлээр байнгын хорооноос тогтоолын төсөл баталлаа.
Ингэснээр тухайн улс орнуудад ямар эрсдэл байна, хэн хаанаас томилогдов гэдгийг Тагнуулын байгууллагатай хамтран хийж, таслан зогсоох, цаашид ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой тогтоолын төслийг гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ гэсэн тайлбарыг өгөв.
Мөн “Дипломат ажилтнуудын нэг бус удаагийн зөрчил илэрч байсан гэлээ. Хэзээнээс илэрсэн юм бэ. Яагаад тухайн үед нь таслан зогсоож, арга хэмжээ аваагүй юм бэ?” гэсэн асуултад:
-Өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон, асуудал нь тодорхой байдлаар шийдэгдсэн хүмүүсийн мэдээлэл Гадаад харилцааны яаманд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ирж байгаа. Гэтэл энэ хүмүүсээс давтан Дипломат төлөөлөгчдийн газарт томилогддог талаарх тодорхой мэдээллийг бид авсан. Хар тамхитай хэрэгтэй холбоотой сүүлийн хэрэг зөрчил дээр хоёр хүн хилийн чанадад саатуулагдаад шалгагдаж байгаа. Тухайн үйлдэл нь хэдэн удаагийн давтамжтай, энэ хоёр хүн сүлжээний оролцогчид уу гэдэг мэдээллийг бид хуулийн байгууллагаас хаалттай байдлаар авсан. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа. Энэ гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ танилцууллаа. Цаашдаа тодорхой санал дэвшүүлэгдээд арга хэмжээ аваад явна гэсэн юм.
1 comment
аюурсайхан чи албан тушаал аваад новшсайхан болжээ. хоосон шодоргос минь .одоо ингээд амар сайхандаа жаргаарай өгөрсайханаан