Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас хянаад, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, шинжээч эмч, ажилтнуудын сахилга хариуцлага, дотоодын хяналтыг сайжруулах талаар тус хүрээлэнгийн захирал Д.Батжаргалын нэр дээр прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
Прокурорын мэдэгдэлд дурдсан зөрчлүүдийг арилгах чиглэлээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс төлөвлөгөө гарган, тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан талаар Нийслэлийн Прокурорын газарт бичгээр хариу ирүүлжээ. Тухайлбал:
Тус хүрээлэнгийн Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс албан хаагчдынхаа сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор нийт бие бүрэлдэхүүний сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцон, “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дугаартай даалгавар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 01 дугаартай албан даалгавар болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг 19 аймгийн Шүүхийн шинжилгээний албадын хэмжээнд шалгаж, үүрэг чиглэл өгчээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны А/35 дугаар тушаалаар баталсан “Шинжилгээний обьектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах шилжүүлэх устгах, журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд шинжилгээний дээжийг зориулалтын дагуу хадгалах өрөөг засварлан, дээж түр байршуулах шүүгээ, хөргөгчийн тоог нэмэгдүүлж, зөөврийн хөргөгч шинээр авч суурилуулсан байна.