Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-аа дуулж, “Саран хөхөөний намтар”-аа дэглэж асан, монголчуудын түүх, соёл, шашны хосгүй өв, тайлж дуусаагүй нууцыг тээдэг Хамарын хийд, энергийн төв таны энэ зуны аяллын төлөвлөгөөнд багтсан уу? Тэгвэл ариун дагшин нутгийг зорихоосоо өмнө мэдэхэд илүүдэхгүй мэдээллийг Танд зориулж товчхон дуулгаж байна.
ШАМБАЛЫН ОРОН
Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг. Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээдэг. Суварган хүрээний дотор баруун хойно орших тойрог нь энергийн төвийн хүйс цэг гэгдэх ба тэнд мөргөлчид завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх гэх мэтээр энерги авах үйлдэл хийдэг.
Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсанаас хойш 166 жил өнгөрчээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар буюу Сучандра хэмээх бөгөөд Сучандра нь МЭ Х зууны үед Шагжамуни Буддагаас Цагийн хүрдний авшиг хүртсэн гэж үздэг. Эдүгээ Хамарын хийд нь Шамбалын орны эзэн болон Дүйнхорын 35 хаадад зориулан жил бүр тахилга үйлдэж ном уншдаг.
Николай Рерих анх эхнэрийн хамт Шамбалын орон буюу Амгалан жаргалангийн орныг хайн 1924-1928 оны хооронд Төв Азиар аялжээ. XYIII зуунд Унгарын нэгэн судлаач Монголын Хамар гэдэг газарт энерги байна хэмээн тодорхойлж байсан тухай баримтыг саяхан Хамарын хийдийнхэн олж мэджээ.
ЭНЕРГИЙН ТӨВД ХИЙХ ЗАН ҮЙЛ
Эхлээд “Шамбалын орны үүд” хэмээн нэрлэгддэг бурханы мэлмийг дүрсэлсэн хананы өмнө очно. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээдэг. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгадаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх мэт, нүд ирмэж байгаа мэт, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэхүү Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг. Мэлмийнээс холгүй “мангасын ходоод” гэх нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн гэм нүглийг цаасан дээр бичиж хойшоо харсан онгорхой нүхэнд хийж шатаах ёстой ажээ. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг. Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулаад Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна. Хийдийн эргэн тойронд энергийн хүчтэй урсгал буй, газрын доор амин судал бий хэмээн үзэж, Шамбалын орон байгаа газрыг тодорхойлжээ.
Хамарын хийдээс 1.5 км зайд, хойноос урагш 2 га талбай хамран орших Луутын цав хэмээх газарт улаан, шар, хөх шавар бүхий дов толгодууд бий. Эндээс иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн яс, өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтдын болон ургамлын үлдэгдэл зэргийг судлаачид олсон байна.
САКУРА ЦЭЦГИЙН ХӨНДИЙ
Ноён хутагт Монголоос гадна Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэг самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд тэр самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.
ЭХИЙН УМАЙ
Хамарын хийдээс зүүн хойш 2 км орчим газарт ноён хутагт Данзанравжаа бясалгал үйлдэж байсан агуйнууд байдгаас гадна эхийн умай хад, өвчин гэм арилгагч хад гэх мэтээр шүтэж биширч ирсэн тогтцууд бий. Эхийн умай хаданд ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл авч шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна. Эхийн умай агуйгаас холгүй орших өөр нэгэн хаданд очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг ажээ.
ХҮСЛИЙН ХАР УУЛ
Хийдийн дэргэд говийнхон эртнээс нааш тахиж ирсэн Хүслийн Хар уул бий. Уулын оргил өөд гарахад зориулж 300 метр урт, 2.6 метр өргөн зам, түр амрах хоёр цэг байгуулсан. Уулын бэлд 300 мянган жилийн настай байгалийн боржин чулуугаар хийсэн 4 метр өндөр бурхан багшийн хөшөөг босгожээ. Эмэгтэйчүүд, хүүхэд ба настангууд уулын бэлээс 100 орчим метр өгсөж дунд хэрд байх нэг жижиг сүмд хүрч, эл хайрханд зориулсан зан үйлээ хийдэг. Эрэгтэйчүүд нь уулын тахилгатай оргилд гарч, овоог тойрч авч очсон сархадынхаа талыг өргөн, гуйх зүйлээ хүсэж шивнээд үлдсэн тал сархадыг шид оруулан буцааж авч явдаг уламжлалтай. Очсон хүн бүхэн өөрсдийн хүслээ цаасан дээр бичиж зориулалтын газар нь шатаах ёстой байдаг ба шатааж байхдаа ч хүслээ шивнэж залбирдаг учиртай гэнэ. Эл уул Ханбаянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж оройд нь байх овоог эртнээс нааш аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэж иржээ. 1930 оноос өмнө овооны орой нь хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэгтэй титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь эл ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд хан, богд, гүн, бээл, бэйс, зайсан гэх мэт цол өргөмжилсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.
Домгоор бол, нэгэн ядуу хүн ганц морьтойгоо энэхүү уулын бэлд амьдардаг байжээ. Гэтэл нэгэн өдөр ганц морийг нь хээрийн араатан амьтад идчихжээ. Өнөөх ядуу хүн ууланд мөргөж ганц ширхэг морио буцааж өгөхийг гуйн залбирчээ. Харин маргааш өглөө нь хүсэл нь биелж ганц морь дэргэд нь ирсэн байсан гэнэ. Эдүгээ Хүслийн ууланд хүзүүгээрээ хадагтай долоон ямаа байнга бэлчдэг гэнэ.
Ноён хутагтын өмнөх нэгэн дүр эцгийнхээ хийсэн нүглийн үрээр Эрлэгт дуудагдан шүүгдээд эргэж иртэл цогцсыг нь занданшуулсан байжээ. Ингээд биегүй хоцорсон сүнс хамаг амьтны хүслийг биелүүлэх тангараг тавиад энэ уулнаа шингэсэн гэх домогтой. Мөн говь нутагтаа өндөр газарт тооцогддог, шажигнасан хар чулуутай тус хайрханы хормойд хутагтыг оршуулсан учир “Шарилын уул” хэмээх болсон хэмээн ярьдаг.
Энерги гэдэг нь амьдралын хөдөлгөөнийг хөдөлгөгч хүч юм.Орчлон хорвоо ба түүнд орших бүхий л зүйл энергитэй байна..Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгалтай шууд харьцдаг бол амьгүй буюу хөдөлгөөнгүй орших бүхэн нь өөрийн гэсэн дотоод бодисын энергээр байгалтай харьцаж байдаг.
ӨВГӨН СУВАРГА
Хамарын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны есдүгээр сарын 10-нд 108 цам харайлган олон түмэнд нээжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу язгуурын таван бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулжээ. Сүншигт нь олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, улааны урсгалын номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг хийж тарнийн хүч шингээжээ. Оройн хэсгийн бунхан дотор ноён хутагт Данзанравжаагийн номлосон сургаалийн дагуу сүншиг бүтээж битүүмжилсэн байна. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангай уулнаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ. Доод танхимын хойморт Бурхан багш, Гүридава Ренбүчэгийн хөргийг ширээн дээр залсан байна. Эл суваргыг 1823 онд Данзанравжаа Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээлгэж байсан гэдэг.