УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй ажлын хэсэг
Том мажоритор,
Бүс нэг буюу бүсчилсэн тойрог,
Жижиг мажоритор,
Улс нэг тойрог гэх дөрвөн хувилбар санал болгосноос Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлоготой нийцэх нь Улс нэг тойрог гэж сонгосноо олонхын бүлэг “Өнгөрсөн хугацаанд жижиг тойргоор явуулсан сонгуулийн үр дүн улс орны эдийн засгийн чадавхыг сулруулж байсан. Тойргийн, жалгын систем дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хэдэн хэсэг хуваадаг байсан. Иймээс цаашид тогтвортой хөгжихийн тулд 76 гишүүн нэг тойргийн системээр ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс дээрх шийдвэрт хүрсэн” хэмээн тайлбарлаж буй.
Гэвч, МАН-ын зурсан сонгуулийн хувилбарыг улс төр судлаачид “утопи” хэмээн товчхон дүгнэж байна. Учир нь, МАН-ын зурсан зургаар УИХ-ын болон аймаг орон нутгийн сонгуулийг явуулбал одоо УИХ-д суугаа 76-д ашигтай.
Тэр тусмаа бодлого ярихаас илүү камерын өмнө шоуддаг нөхдүүд, Ж.Батзандан, А.Сүхбат, Х.Нямбаатар нарын попууд, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхбаяр, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын “тэтгэврийн өвгөд” энэ хувилбараар дахин сонгогдох магадлал өндөр. Харин шинэ залуучууд болон эмэгтэйчүүдийн хувьд Улс нэг тойрог хувилбар хамгийн хатуу хувилбар байх болно.
Үе, үеийн эрх баригчид өөрсдөдөө зориулан сонгуулийн хуулийг “зурдаг”. Тухайлбал, 2012 онд холимог тогтолцоогоор буюу аймаг, дүүргийг нэг тойрог болгон зурж байсан. 2016 онд АН-ынхан аймаг, дүүргээ жижиглэн хуваасан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн тогтолцоог батлахдаа Ардчилсан намынхан өмнөх 2012 оны УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоогоо Үндсэн хуулийн цэцээр үгүйсгүйлэн байж, улаан цагаан тойргуудаа улаан, хөхөөр нь хувааж “будсан”-аасаа болоод өнөөдөр гудамжинд лааз өшиглөж яваа.
Энэ удаад эрх баригч МАН-ынхан тогтвортой хөгжил гэх үгээр халхавч хийн, мөн л өөрсдөдөө зориулан Улс нэг тойрог гэх хувилбарыг дэвшүүлснээрээ Ардчилсан намын алдааг давтаж мэдэх нь. Улс нэг тойргоор сонгуулийг явуулбал Ардын намаас ялалт байгуулах хүн гарын арван хуруунд ч хүрэхгүй. Харин энэ хувилбараар УИХ-ын сонгуулийг явуулбал Монголын парламент дуучид, бөхчүүдээр дүүрч мэдэх л дүр зураг харагдаж буй. Өнөөдрийн парламентад суугаа загасны нүх, сүв судалдаг бөх, зохиолын дууны ханхүү, боов, бандаашны “хэрэгтнүүд”, орон гаран галзуу солиотнуудаа яая гэж байхад. Тэгвэл жинхэнээсээ “Бөх бол төр” болох нь гарцаагүй.
Түүнчлэн МАН-ын зурсан зургаар сонгуулийн тогтолцоог өөрчилсөн тохиолдолд Монгол Улс албан бусаар 76 “ерөнхийлөгчтэй” болно. Өмнөх ганцынхаа тоглолтод улсаараа “хүчиндүүлээд” сууж байхад дахиад 76 ерөнхийлөгч гараад ирвэл Монгол Улс бүхэлдээ сүйрнэ биз.
Учир нь, бүх ард түмнээс мандат авсны хувьд бүгд Ерөнхийлөгчтэй зиндаархах нь гарцаагүй. Ж.Батзандангаас эхлээд ийм үг, үйлдэл гаргаж чадах хүн олон бий. Намын төлөө гэхээсээ хувь хүний төлөө өгсөн санал гэж үзвэл шүү дээ.
Жижиг тойргоос сонгогдсон ЖДҮчидтэйгээ Монголын ард түмэн хариуцлага тооцож чадахгүй байгаа. Тэгвэл бүх ард түмнээс мандат авсан гишүүдтэй хэн ч хариуцлага, ёс зүйн тухай ярих эрхгүй болно. Гэхдээ өнөөдрийн мөрдөгдөж буй Үндсэн хуулийн хүрээнд харвал шүү дээ.