МҮХАҮТ, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо хамтран хилээр амьд мал гаргах, экспортлохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Монголын махны холбооны зүгээс хилээр амьд мал гаргахгүй байх асуудлыг яаралтай хэлэлцүүлэхийг ҮАБЗ-өөс хүсэн, албан бичиг хүргүүлж байгаагаа хэллээ.
Учир нь өнөөдөр Монгол Улсад мал төхөөрч боловсруулах 50 гаруй үйлдвэр бий. Энэ нь 5,000 гаруй ажлын байрыг бий болгожээ. Мөн хоногт 7,000 гаруй бод, 25,000 гаруй мал төхөөрч боловсруулах хүчин чадалтай болсон байна. Ингэснээр үйлдвэрүүд улсаас жилд гаргах экспортын махыг бүрэн боловсруулж гаргах боломж бүрдсэн байна. Цаашид ч нэмж ашиглалтад орох мал төхөөрч боловсруулах үйлдвэрүүд байгаа аж.
“Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэлх хувийг экспортлох тухай шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж амьд мал хилээр гаргах асуудал дахин сөхөгдөж байгаа нь мах үйлдвэрлэгчдийн сэтгэлийг ихээхэн зовоож байна. Малыг амьдаар нь ямар нэмүү өртөг шингээх, боловсруулалт хийхгүйгээр гаргах нь улс орны эдийн засагт томоохон хохиролтой гэдгийг та бүхэн мэднэ.
Малыг амьдаар гаргаж малчдыг мөнгөтэй болгоно гэдэг нь тийм ч оновчтой арга биш. Өнөөдөр зах зээлийн үнээр үйлдвэрүүд малыг авч байна. Эдгээр бодит байдлыг харгалзан үзэж 318 дугаар тогтоолыг хүчингүй болгож, амьд мал экспортлох ажлыг нэн яаралтай зогсоон үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж, ажлын байрыг хадгалж үлдэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсэж байна.
Махны холбоо цаашид амьд малыг экспортлохгүй байхаар хатуу зогсоно. 2018 онд гурван сая толгой малыг боловсруулж 70,000 тонн мах экспортолсон. Харин энэ жилийн хувд 100 мянган тонн малын мах экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Махны салбараа дагаад бусад салбар нь хөгждөг ба энэ салбарт нийт 10 мянга гаруй хүн ажилладаг. Гэтэл өнөөдөр Засгийн газраас таван сая толгой малыг экспортлох зөвшөөрлийг нэг компанид давуу эрхтэй олгож байгаа нь гайхширал төрүүлж байна. Ард нь үлдэж байгаа мах боловсруулах компаниуд бүгд хаагдах болчихоод байна.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан сайд зургаадугаар сард БНХАУ-д айлчлахдаа малын экспортын талаар ярилцаад дараагаар нь МХЕГ-ын дарга, Н.Цагаанхүү мөн тус компанийн хүсэлтийн дагуу айлчлан ярилцсан байсан. Тиймээс энэ хоёр хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн харж байгаа тул АТГ-т шалгуулах хүсэлтээ ч өгнө” хэмээн УИХ-ын гишүүн, Монголын Махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж хэллээ.
Харин Монголын Өлөн гэдэс экспортлогчдын холбооны тэргүүн Б.Мөнхзаяа “Малын өлөн гэдэс нь уламжлалт экспортын бүтээгдэхүүн бөгөөд зайдасны бүрхэвч юм. Нарийн яривал Монголоос Европ уруу гаргаж байгаа ганцхан хүнсний бүтээгдэхүүн. 1990 оноос эхлэн хувийн хэвшлийнхэн энэ ажлыг нуруун дээрээ үүрч явна. Гэтэл өлөнгийн салбар түүхий эдгүй болж байна. Энэ салбар жилд 3.5 сая бог малын өлөн гэдсийг боловсруулж гаргадаг. Нөгөө талаас Засгийн газраас гаргасан 318 дугаар тогтоол нь одоогийн махны үнийн эсрэг авч хэрэгжүүлээд буй бодлогынхоо эсрэг агуулгатай” гэв.
Монголын Арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Амьд мал экспортолсноос болоод ганцхан махны үйлдвэрүүд бус арьс шир, ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа дампуурахад хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Жишээ нь зургаан сая толгой мал амьдаар гаргасан тохиолдолд 120 мянган тонн тураг мах, зургаан сая ширхэг арьс, нэхий, ойролцоогоор 1.05 тонн ноолуур Монголын зах зээлээс хасагдахаас гадна ямар ч татвар төлөхгүй түүхий эд экспортод гарахаар тооцоо гарч байна.
Арьс ширний үйлдвэрийнхэн үйлдвэрийн аргаар боловсруулсан түүхий эдгүй болсноор гар аргаа нядалсан малын арьс шир үйлдвэрлэлийн стандартад нийцэхгүй болж байна” гэлээ.