Нью Йорк хотын долдугаар өргөн чөлөөнд орших 54 давхар оффисын барилгын дээвэр дээр даваа гаригийн үдээс хойш нисдэг тэрэг осолдож, нисгэгч нь нас баржээ. Мэргэжлийнхэн нисдэг тэрэг хөөрснөөсөө хойш 11 минутын дараа барилгын дээвэр дээр ослын буулт хийх гэж оролдсон гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.
Нью Йоркийн гал сөнөөгчид цамхагийн дээвэрт гарсан гарсан галыг унтраахаар ажиллаж байгаа аж. Энд 100 орчим нэгж ажиллаж байгаа гэнэ. Мужийн захирагч Эндрью Куомо ослын газарт ирж ажиллах үедээ “Есдүгээр сарын 11-ний хэрэг явдлаас үлдсэн айдас бүх Нью Йоркчуудад байдаг тул осол болсон тухай мэдээг сэтгэл түгшин хүлээж авсан” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Брилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгааг харуулсан фото, видео бичлэгүүд сошиал сүлжээнд тарсан бөгөөд хотын захирагч Билл Де Бласио Бидэнд байгаа мэдээллээс дүгнэвэл террорист халдлагын шинж тэмдэг илрээгүй, Нью Йоркчуудад ямар нэг шууд аюул занал учраагүй байна” гэсэн мэдэгдэл гаргаад байна.
Осолдсон нисдэг тэрэг хувийн компанийн өмч бөгөөд Манхеттэн дүүргийг жуулчдад тэнгэрээс харуулах зорилготой нисдэг үйлддэг байжээ. Осол болох үед нисдэг тэргэнд нисгэгчээс өөр хүн байгаагүй аж.
Эх сурвалж: CBS New York