Зургаадугаар сарын нэгний өдөр Токио хотноо Японы Хөдөө аж ахуйн дэд сайд асан Хидэаки Кумазава 44 настай хүүгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ.
Тэрбээр ийм аймшигтай алхам хийх болсон нь долоо хоногийн өмнө Кавасаки хотын автобусны буудал дээр сурагчидруу зэвсэгт этгээд халдсан эмгэнэлт хэрэгтэй холбоотой гэж цагдаагийнхан үзэж байна.
Тодруулбал, 76 настай Кумазава цагдаагийнханд мэдүүлэг өгөхдөө өдөр бүр хүү нь түүнд хүч хэрэглэдэг байсан тул түүний гарт үрэгдэхээс айх болсон гэжээ. Улмаар Кавасаки хотод хүүхдүүд рүү зэвсэгт этгээд халдсны дараа хүү Эйитиро нь үүнтэй адил муу хэрэг үйлдэж, бусад хүмүүст хор хохирол үзүүлж болзошгүй гэдэгт санаа зовних болсон байна. Тиймээс бусдыг хамгаалахын тулд хүүгээ хөнөөхөөр шийдсэн гэж ярьсан тухай NHK мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч дунд сургуульд байх үеэсээ л бусад хүүхдүүдтэй таарамжгүй харилцааны улмаас хэрцгий ширүүн болсон бөгөөд удалгүй сургуулиас гарсан байна.
Хэрэг үйлдсэн дэд сайд асан Кумазавагийн биен дээрээс зодуулсныг гэрчлэх хөхрөлт илэрсэн ч түүний гэр бүлийнхэн тусламж хүсч эрх баригчдад хандаж байгаагүй гэнэ.
Эргэн сануулахад, тавдугаар сарын 28-ны өдөр Кавасаки хотод хутгаар зэвсэглэсэн этгээд бусад руу халдсны улмаас 11 настай сурагч мөн 39 настай, Гадаад хэргийн яамны ажилтан амиа алдсан юм. Хэргийн сэжигтэн 51 настай Рюити Ивасаки сургуулийн автобус хүлээж буй хүмүүс рүү халдсны дараа өөрийгөө шархдуулан, улмаар цус их алдсны улмаас хэргийн газар амиа алджээ.
Цагдаагийнхны мэдээлснээр ажиглалтын камераас бичлэг үзэхэд дээрх хэргийг үйлдсэн этгээдтэй адилхан хүн энэ үйл явдлаас дөрөв хоногийн өмнө ойролцоох төмөр замын өртөө зэрэг хэд хэдэн газруудад ажиглагдсан байна. Сэжигтэн энэ хэргийг хийх болсон сэдэл нь одоогоор тодорхойгүй, Японы хууль сахиулах байгууллагынхан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж NHK мэдээлсэн юм.
Эх сурвалж: shuud.mn