УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.07) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хийсэн юм.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулгадаа, Төрийн байгуулалтын байнгын хороо Дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэгийн шинжтэй засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн. Хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцоллоо.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед чуулганы нэгдсэн хуралдаанаар өөр асуудал хэлэлцэх эсэх цаашлаад уг нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүх ард түмний санал асуулга явуулж хэлэлцүүлэх талаар тодруулж байлаа. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх босгыг намсгасан шалтгааныг лавлав.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.6-д “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй явуулна” гэж заасан байдаг ч, 11.5-д “Энэ хуулийн 11.3.6-д заасан заалтын хэлэлцүүлгийн үе шатын хооронд зохион байгуулалтын болон нэг удаагийн (хэм хэмжээний бус) шинжтэй хойшлуулшгүй асуудлуудыг шийдвэрлэхэд хамаарахгүй” гэж заасан байдаг. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 24.7 “хуулиар УИХ-аас хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно” гэж тусгасан гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариултдаа онцлов.
Мөн тэрбээр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заавал ард түмний санал асуулга явуулж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ гэсэн заалт байхгүй гэдгийг тодотгохын зэрэгцээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд УИХ-ын гишүүдийн 3/4 нь зөвшөөрсөн тохиолдолд асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Үүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулсан атлаа Байнгын хорооны хуралдааны хэлэлцэн, шийдвэрлэх асуудал зохицуулалтгүй орхигдсон байдаг. Иймд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад ердийн олонхын саналаар бус 2/3 саналаар асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ гэж босгыг нь нэмж, төсөлд тусгасан. Ингэснээр Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хуралдаад зургаа нь асуудлыг шийдэх бус, олонхоороо шийдэх босгыг нь өндөрсгөсөн гэж хариулж байлаа.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжиж баталлаа.