Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага стратеги, зохион байгуулалтын шинэ бүтцээр ажиллаж байгаа. Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилгоор орон нутагт бүсийн удирдлагын төвүүдийг байгуулаад байна.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуульд оролцож байгаа өмнөд бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын удирдлага, Онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газруудын удирдлагыг хүлээн авч уулзлаа.
Тэрээр, уулзалтын эхэнд орон нутагт байгуулсан бүсийн удирдлагын төвийн зорилго, ач холбогдлын талаар танилцуулга мэдээлэл хийн, цаашид бүсийн удирдлагын төвийн ажиллах журам, төлөвлөгөөг батлуулах, бүс нутгийг хамарсан томоохон гамшиг, аюул, осол тохиолдоход аймгуудын харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Гамшгийн үед орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадвартай болох, гамшгийн хариу арга хэмжээний шийдвэр гаргах, хүч хэрэгслийг дайчлах, улмаар гамшгийн хариу арга хэмжээний болон хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах, бэлэн байдлын төлөвлөлтийг боловсронгуй болгох ёстойг уулзалтын үеэр онцоллоо.
Мөн шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах зөвлөл, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, сайн дурын хэсэг, иргэний оролцоог уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх харилцааг зохицуулж өгсөн гэдгийг дурдсан юм.
Түүнчлэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх, Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад аймаг, орон нутгийн зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлэн байнга хамтран ажилладаг орон нутгийн засаг захиргаа, аймгийн удирдлага, онцгой комиссын гишүүд та бүхэнд талархаж явдгаа илэрхийлье.
Үүний нэг жишээ бол Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль юм. Энэхүү олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах бүхий л боломжийг бүрдүүлэн ажиллаж, сургуулийн бэлтгэл ажилд зориулан Засаг даргын нөөц хөрөнгөөс 170 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Энэ дашрамд Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн удирдлагуудад талархлаа илэрхийлье.
Шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жил батлагдсан төсвийн 1.0 хувийг, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж зарцуулах, аймаг, нийслэл, сум дүүрэг нь тухайн жилийн батлагдсан төсвийн 1.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулах зохицуулалтыг тусгаж өгсөн нь гамшгийн өмнөх, гамшгийн үеийн, гамшгийн дараах үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдэх, гамшгийн эрсдэл буурах, гамшгийн үеийн хойшлуулшгүй сэргээн босгох хүмүүнлэгийн тусламж, түүнийг зохицуулахтай холбогдон гардаг хүндрэл, бэрхшээл арилах нөхцөл бүрдэж байгаа юм.
Цаашид ч аймаг, орон нутгийн удирдлага, онцгой комиссын гишүүд та бүхэн хуульд зааснаар гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд хөрөнгө, санхүүжилтыг зохих хэмжээнд тусгаж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон Онцгой байдлын албаны чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.