Хэн нэгний өмсөж байсан хувцас эзнийхээ энергийг шингээсэн байдаг гэж ярьдаг. Хувь заяа нь тодорхой бус хувцаснаас эмээх хүн ч бий. Бусдын хувцсыг өмссөнөөр зарим нэг азгүй зүйл болох, өвчин тусах зэрэг тохиолдлууд гарч болно гэж үздэг хүмүүст зориулж, бурхны шашинд үүнийг юу гэж тайлбарладгийг сонирхуулъя.
Сэтгэл санаа таагүй байхдаа өмсөж байсан хувцас таны энергийг шингээсэн байдаг гэж зөн билэгчид хэлдэг гэх хүн цөөнгүй. Тэгвэл хүний хийморь сүлд гэдэг хувцсанд наалдаад явчихдаг юм биш гэнэ. Үнэхээр сайн үйл хэрэг хийж байгаад, тэр үедээ өмсөж байсан хувцсаа хүнд өгчихөөр хамаг буян нь дагаад нөгөө хүн рүү явчихдаг гэсэн ойлголт байхгүй юм байна.
Зарим хүмүүс гуйлга гуйж байгаа хүнд өөрийн гараар мөнгө өгвөл буян нь гараад явчихдаг гэж ойлгодог. Гэтэл буян гэдэг нь дуртай үедээ гүйгээд явчихдаг эд биш. Харин ч төрөл дамжихад буюу энэ хорвоогоос явахдаа хүн бүр зөвхөн буян, нүгэл хоёроо тээгээд оддог гэнэ шүү.
Тиймээс бусдад дэм тус болох, өрөөлд хэрэг болох хувцас, эд зүйлээ өгнө гэдэг нь буян аж. Тэр утгаараа бусдаас ч мөн өөрт хэрэгтэйгээ авлаа гээд өөрийнх нь хийморь сүлд доройтно гэсэн ойлголт байхгүй хэмээн бурхны шашинд үздэг байна.
Эцэст нь бяцхан зөвлөгөө өгөхөд, хэрвээ таны хувцасны шүүгээнд хар, саарал, цагаан өнгө зонхилсон бол өөр өнгөөр баяжуулаарай. Өнгө болгон өөрийн үүрэгтэй байдаг. Бас магадгүй загварт нь дурлаад худалдаад авчихсан өөрт зохихгүй байгаа, таарахгүй байгаа эсвэл сэтгэлд нийцэхээ больсон хувцас, эдлэл тань өрөөлд илүү тансаг, зохимжтой харагдах ч юм билүү, зоригтой бай.