Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу тооллого, судалгааг зохион байгуулж, албан ёсны статистикийн 48 багц үзүүлэлт (макро эдийн засгийн статистикийн 9, хүн ам, нийгмийн статистикийн 16, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн 13, шүүхийн статистикийн 5, хүрээлэн байгаа орчны статистикийн 5)-ийг тооцох мэдээллийг цуглуулж боловсруулахаас гадна 2018 онд анхдагч мэдээллийн чанар, статистикийн шинэ арга аргачлал, төрлүүдэд анхаарлаа түлхүү хандуулан ажиллажээ.
Олон улсад нийтлэг мөрдөгдөж арга зүйг судалж, үндэсний статистикийн системд нийт 39 аргачлал, арга зүй, маягт зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулж, баталж мөрдүүлсэн байна.
Бусад улс оронд сайн жишээ болсон “Нэг иргэн, Нэг бүртгэл” буюу ҮСХ, ЭМЯ, УБЕГ хамтран төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нярайд регистрийн дугаар олгож нэг ч хүүхдийг орхигдуулахгүй бүртгэлжүүлэх ажил хийгдэж эхэлсэн. Эдгээр гурван байгууллага нууцлалын өндөр зэрэглэлтэй төрийн цахим мэдээлэл солилцох ХУР системийг ашиглан мэдээллээ солилцож байгаа нь төрөлтийн статистикийн зөрүүгүйгээс гадна, шинэ төрлийн Real-time статистикийн мэдээллийг бий болгосон байна. Жишээлбэл, төрсөн хүүхдийн дундаж жин, өндөр, төрсөн цаг, амаржсан эхчүүдийн нас, боловсролын түвшин, гэрлэлтийн байдал зэрэг шинэ мэдээллүүдийг цаг тухай бүрд нь гаргаж байгаа аж. Энэхүү мэдээллийг нэгтгэсний үр дүнд амаржиж буй эхчүүдийн 55 хүрэхгүй хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байдгийг тодруулсан байна. Үүнээс үүдэн эх, хүүхдийн албан ёсны эрхийг хамгаалах зэрэг төрийн бодлогод албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй эх, хүүхдийн эрхийн тухай асуудлуудыг хөндөж болохуйц суурь мэдээллийн сан бий болжээ.
Техникийн нөхцөл, систем нь бэлэн болчихсон тул цаашид нас баралтын мэдээллийг мөн дээрх 3 байгууллага хамтран шуурхай солилцдог болчихвол мэдээллийн зөрүү арилж, төрийн зарим үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн ҮСХ үзэж байгаа аж.
Төрийн бодлого, шийдвэр боловсруулахад хэрэгцээтэй судалгааны үр дүнг шуурхай боловсруулан тархаасны нэг жишээ нь “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа” гэлээ. Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр зэрэг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийн тоо мэдээллийн санг бүрдүүлэх үндсэн зорилготой, 5 жил тутам явагддаг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны мэдээллийг 2018 онд цуглуулсан, энэ сард үр дүнг танилцуулах аж. Мөн ядуурлын тооцоог улс, аймгийн түвшинд тооцсон талаарх дүнг энэ сард багтаан танилцуулах юм байна.
ҮСХ-ноос 2018 онд төрийн захиргааны байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа, мэдээллийн технологийг ашиглах, хангах чиглэлд ахиц дэвшил гаргажээ. ХУР системд холбогдох гэрээг байгуулан, мэдээлэл солилцох хуудсыг шинэчлэн, төрийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан нууцлал хангасан техникийн тохиргоог хийсэн байна. Ингэснээр статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн төрийн мэдээллийн ХУР системээр дамжуулан төрийн 9 байгууллагатай мэдээлэл шууд солилцон ажиллаж байгаа аж. Хүн ам, өрхийн мэдээллийн сан болон Бизнес регистерийн мэдээллийн санд бусад төрийн байгууллагуудын 10 сантай мэдээллээ тулган шалгажээ.
Монгол Улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00 цагаар товлон, долоо хоног үргэлжлэх аж.