Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.06.05) хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 2018 оны аравдугаар сарын 25, 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, анхны хэлэлцүүлгийн шатанд нэгдсэн хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 300.0 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид 1 хувийн татвар ногдуулах болсонтой холбогдуулан хуулиудын уялдааг хангах зорилгоор Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээг өөрчлөх санал боловсруулжээ. Жилийн 250.0 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж “бичил” гэсэн ангилалд хамаарч байсныг 300.0 сая төгрөг, 250-500.0 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж “жижиг” үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгон тус тус нэмэгдүүлсэн байна. Мөн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 300 сая хүртэл төгрөгийн зээлийг сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг банкаар дамжуулж олгох санал оруулж байгаа аж.
Төслийн анхны хэлэлцүүлэг удаан хугацаагаар завсардсантай холбоотойгоор хамт өргөн мэдүүлсэн 2 тогтоолын төсөлд тусгасан зарим хугацааг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсчээ. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” эхлэн дагаж мөрдөхөөр, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтын “2019 оны” гэснийг “2020 оны” гэж өөрчлөх саналыг тус тус боловсруулсан байна. Ийнхүү нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг төсөлд нэмж тусган хууль зүйн техникийн засварыг хийсэн төслүүдийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар ЖДҮХС-гаас олгож буй зээл нийслэлд 3 хувийн хүүтэй олгогдож байгаа бол орон нутагт 8.3 хувийн хүүтэй байхаар байгааг бууруулах чиглэлээр салбарын яам, холбогдох албан тушаалтнуудыг ажиллахыг санууллаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 1.8 хувь байсан ЖДҮХС-гаас олгож буй зээлийн хүүг 2015 онд эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй гэдэг шалтгаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд 3 хувьд хүргэх шийдвэр гаргаж байсныг хэлээд “Өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал тухайн үетэй харьцуулахад сэргэсэн, эерэг үзүүлэлтүүдтэй байгаа учраас эргүүлэн 1.8 хувьд хүргэх юм бол орон нутагт олгох тус сангийн зээлийн өртөг бодитоор буурах боломжтой” гэдэг саналыг хэллээ.
Гишүүдийн тодруулсны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн хүүгийн нөхцөл, үүнийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн ба тус сангийн зээлийн хүүг 4-5 хувьд байлгахаар ажиллаж байгаагаа хэлсэн.
Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэхдээ “Энэхүү төсөл нь зөвхөн зээл олгох, зээлийн хүртээмжтэй холбоотой эрх зүйн зохицуулалт биш гэдгийг холбогдох талууд анхаараарай. Иргэдийн бизнес эрхлэлтийг дэмжих, өдөр тутмын үйл ажиллагааг нь хөнгөвчлөх гээд өргөн агуулга, ач холбогдол бүхий хуулийн төсөл учраас энэ чиглэлээр таниулах, сурталчлах ажилдаа анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн хэллээ.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.