УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.06.05) хуралдаанаар Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлосон тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд:
-2018 оны нөхөн сонгуулиар 52 төлөөлөгч сонгогдсон. Энэ сонгуулийн зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргасан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр бол энэ сонгууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг үү?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:
-Засгийн газрын нөөц сан улсын төсвөөс гадна гадаадын тусламж, тусгай сангуудаас бүрдэнэ гэж ҮХЦ тайлбарлаж байна. Гэнэтийн асуудал гарна гээд улсын төсвөөс Засгийн газрын нөөц санд хуваарилдаг. 2018 онд ч энэ чиглэлээр явсан гэсэн тайлбар хэлсэн. Гэтэл ҮХЦ 2019 онд нөхөн сонгууль болох нь тодорхой байсан учир улсын төсөвт суулгах байсан хэмээн УИХ-ын гишүүн М.Энхболдын асуултад хариуллаа.
УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж, мөн УИХ-ын нөхөн сонгууль явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтүүдийг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэнгүй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдаанд оруулна. Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой.