БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Иран улсын Элчин сайд Муххамед Кешаварзадех, Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайд Мила Жаббор нарыг энэ сарын 29-ний өдөр хүлээн авч уулзсан юм.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Иран улсын Элчин сайдтай хийсэн уулзалтын эхэнд Иран улстай түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, усны менежментийн туршлага судлах зэргээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүгд найрамдах Иран улсын Элчин сайд Муххамед Кешаварзадех Монгол, Иран улс эртний харилцаатай улс учир түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлээд Ил хаант улсын үеийн музейн үзмэрүүдийг Монголын музейд түр хугацаагаар байршуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн юм. Мөн тэрбээр перс хэлний чиглэлээр суралцах сонирхолтой монгол оюутнуудад тэтгэлэг олгох боломжтойг ч энэ үеэр илэрхийлсэн.
Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайдтай хийсэн уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ливан улсын аялал жуулчлал, усны салбарын туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллах боломжтойг дуулгасан юм. Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайд Мила Жаббор Монгол Улстай бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.