Ардчилсан өөрчлөлтийг шаардсан иргэдийг Бээжингийн Тяньаньмэний талбайд зэвсгийн хүчээр нухчин дарсны 30 жилийн ойн өнөөдөр болж байна. Олон зуун тэмцэгчийн амь нас 1989 оны зургаадугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө үрэгдсэн билээ.
Өчигдөр (2019.06.03) Хятадын Коммунист намын хэвлэл Глобал Таймс сонин Тяньаньмэний хэрэг явдлын тухай редакцийн нийтлэл гаргажээ. Үүнд 1989 онд Бээжингийн төвд болсон цус урсгасан явдлыг улс орноо ирээдүйн тогтворгүй байдал, үймээн самуунаас сэргийлэхэд зориулж явуулсан вакцинжуулалт байсан хэмээн дурдсан байна.
Мөн хэрэг явдал нь улс орны маргаан зөрчлийг нэг мөр арилгаж, Хятадын ард түмнийг ирээдүйн хөгжил цэцэглэлт рүү чиглүүлсэн алхам болсон. Үүний дараа Хятад Улс амжилттай хөгжиж, ард иргэдийнхээ амьдралын түвшнийг хурдтай сайжруулж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болсон. Маргаан зөрчлөөс зайлсхийх бодлого нь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн түлхүүр болсон юм” гэж тодорхойлжээ.
Тяньаньмэний хядлагыг Хятадын эрх баригчид иргэдийнхээ ой санамжаас арчихын тулд бүх арга хэмжээг авдаг. Тухайлбал Глобал Таймс сонины энэ нийтлэл зөвхөн тус сонины англи хэл дээр хэвлэгдэн гардаг сонинд гарсан байна.
Үүнээс гадна Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ өнгөрсөн Ням гаригт Сингапурт болсон Шангри-Лагийн яриа хэлэлцээрт оролцохдоо Тяньаньмэний үйл явдлыг улс төрийн тогтворгүй байдлаас сэргийлсэн зөв алхам байсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: СNN