Төв аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус аймгийн нутаг дэвсгэрт 2015, 2016, 2017, 2018, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар үйлдэгдсэн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн гаралтыг сумдаар судалж, гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэр, үйлдэгдсэн цаг хугацаа, учирсан хохирол, тээврийн хэрэгслийн марк, хэрэг зөрчил хамгийн ихээр гарсан зам, хэргийн шийдвэрлэлтийг дэлгэрэнгүй байдлаар судалжээ.
Төв аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг авто замд гарсан 408 гэмт хэргийн улмаас 449 хүн гэмтэж бэртэн эрүүл мэндэд нь хохирол учирч, 207 хүний амь нас хохирч, иргэн, хуулийн этгээдэд 2,491,179,809 төгрөгний хор уршиг, хохирол учирчээ.
Судалгаанд хамрагдсан хугацаанд тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг авто замуудад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 408 удаа гарсныг сумдаар нь авч үзвэл Сэргэлэн суманд 62, Баянчандмань суманд 44, Борнуур суманд 45, Аргалант суманд 39, Жаргалант сумын нутагт 21, Лүн суманд 24 гэмт хэрэг тус тус гарсан байна.
Гэмт хэрэг гарсан байдлыг судлахад 71 хэрэг буюу 17.4 хувь нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гарсан байна. Цаг хугацааны хувьд 333 буюу 81.6% нь өдрийн цагаар, 75 буюу 18.4% нь шөнийн цагаар гарчээ.
Зам тээврийн осол үйлдэж байгаа болон өртөгдсөн тээврийн хэрэгслүүдийг ангилан маркаар нь авч үзвэл Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл 107 буюу 20.2 хувийг эзэлсэн байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг хамгийн их гарсан зам буюу “хар цэг”-ийг судлахад Сэргэлэн сумын Ногоон дов гэх газар 8, Хустайн даваа гэх газар 6, Борнуур сумын Урьхан гэх газар 7, Тайсын хөтөл гэх газар 11, Баянчандмань сумын Хөх хошуу гэх газар 8, .Аргалант сумын Жирмийн цагаан гэх газар 5, Цагаан хөтөл гэх газар 7, Галзуу харын худаг гэх газар 6, Лүн сумын Цагаан хөтөл гэх газар 5 зам тээврийн осол гарсан байна.
Судалгааг Аймгийн Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцүүлж цаашид судалгааны дүнг үндэслэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Аймгийн Засаг даргад танилцуулга хүргүүлж холбогдох арга хэмжээ авах, Мэргэжлийн байгууллага, эрх бүхий албан тушаалтантай хамтарсан шалгалт хийх, зөвлөгөөн зохион байгуулах, замын анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, шинээр хийх, цагдаагийн байгууллагын хяналт шалгалтын суурин цэг, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, цагдаагийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэх зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаа талаар тодорхой ярилцаж дээрхи чиглэлээр хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллах зэргээр бусад байгууллагуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
1 comment
Энэ осол их гардаг газруудад томоос том тэмдэг тавимаар юм. Бас лам бөө нар нь очиж аргадаж барьж болдоггүймүү жолооч нар хурдаа тохируулж анхаарлаа хандуулж гэрлээ шилжүүлж хаана гүйцэд түрүүлэхээ мэддэг ухамсартай бхад ийм олон хүн амь нас эрүүл мэндээрээ хохирохгүй дэ хайран амь!!!