УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгээс Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Г.Баясгаланг нэр дэвшүүлсэн. Мэргэжлийн хүн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгааг бүлгээс дэмжсэн.
Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан. Ажлын хэсгээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар мэдээлэл өгнө” гэлээ.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Бүлэг дээр манай ажлын хэсгийн явцын талаар мэдээлэл сонслоо. Уг ажлын хэсэгт УИХ-ын 12 гишүүн болон бусад хуульч, судлаачдыг багтаасан. УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг хуулиар явуулсан. Ингэж болохгүй юм байна гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харсан. Ингээд ажлын хэсэг өөрчлөлтүүдийг хийсэн.
- Одоогийн жижиг 76 тойрог
- Өмнө нь гурван удаа явуулсан томсгосон мажоритар буюу олон мандаттай
- Бүсчилсэн
- Улс нэг тойрог гэсэн дөрвөн хувилбараар сонгууль явуулах сонголт байсан.
Ингээд ажлын хэсэг өргөн барих гэж байгаа хуулийн төсөлд Монгол Улс нэг тойргоор сонгуулиар явуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн.
Одоо зөвхөн Засгийн газраас санал авах дутуу байгаа” гэв.