“Амжилтын суурийг анхнаас нь” уриатай “Эрдмийн хишиг” бүрэн дунд сургуулийнхан эрдмийн баяраа хийж, хүүхэд багачууд энэ хичээлийн жилд юу сурч мэдсэнээ эцэг, эхчүүддээ тайлагнав. Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль байгуулагдаад нэг жил болж байгаа боловч анхны хичээлийн жилдээ сурлагын арвин их ургац хурааж, нийслэл, дүүргийн болон нэрэмжит олимпиадуудаас багш, сурагчид хамтдаа 100 гаруй медаль хүртжээ. Дэлхий ертөнцийн хөгжил математикгүйгээр нэг ямх ч урагшлахгүй. Математик бол зөв логиктой сэтгэх, бүхий л зүйлсийг учир зүйн талаас нь эрэмбэ дараатай гүйцэтгэхийн үндэс юм. Математикт сайн хүүхэд ирээдүйд ямар ч мэргэжил эзэмшсэн байсан, заавал амжилт үзүүлдэг. Тиймээс бид хүүхэд болгоныхоо математик сэтгэхүйг хөгжүүлэхийг зорьж байна” хэмээн математикийн улсын олимпиадын хошой аварга багш Б.Ганбат сургалтын давуу талаа тодорхойлов.
Хүүхэд бүрийг олон талаар хөгжүүлэх дугуйлан секцүүд хичээллүүлдэг
Технологи асар хурдацтай шинэчлэгдэж байгаа өнөө үед шинжлэх ухааны салбарууд ч хоорондоо улам бүр нэгдмэл болж, үүнийгээ дагаад ирээдүйн иргэдээс уян боловсролтой буюу ерөнхий эрдэм мэдлэг, суурь боловсролоо сайн эзэмшсэн, цаашид ямар ч нөхцөл байдалд дасан зохицож, өөрийгөө хөгжүүлэх, хөрвөх чадварыг шаардах болсон. Өөрөөр хэлбэл, өдгөө зөвхөн нэг мэргэжлээр дагнан суралцах нь хөдөлмөрийн зах зээлд тийм ч эрэлттэй биш болсон учраас салбар дундын мэргэжил эзэмших шаардлага дэлхий нийтийн залуусын өмнө тулгарч байгааг боловсролын салбарын мэргэжилтнүүд онцолж буй. Тийм ч учраас ирээдүйд Монголын төдийгүй дэлхийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байх “моодны” боловсон хүчнийг бэлтгэхэд боловсролын байгууллагууд, төр, засаг одооноос анхаарах хэрэгтэй гэдэг.
“Сургалтын олон талт үйлээрээ хүүхэд бүр аз жаргалтай суралцагч байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн эрхэм зорилготой тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авчээ. Хэдийгээр тэднийх математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль боловч хүүхдүүдээ зөвхөн “нэг хайрцаг”-т хэвшүүлэхийг түвддэггүй юм байна. Учир нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль манайд олон байдаг учраас “Эрдмийн хишиг”-ийн бусдаасаа ялгарах гол онцлог нь чухам дээрх зарчмыг баримталж, хүүхэд нэг бүрийг олон талаар хөгжүүлэхийг зорьдог аж.
Тухайлбал, эрдмийн баярынхаа үеэр I ангийн бяцхан сурагчид Драмын дугуйланд хичээллэдгийн хэргээ гаргаж, жүжигчилсэн тоглолт үзүүлж, өхөөрдөм шүлэг, дуугаа сонирхуулах нь хэзээний “нүүр хагарсныг” илтгэнэ. II ангийн багачууд Ардын уран зохиолч Тангадын Галсангийн “Монгол хүний зүрхний бичээс” шүлгийг ангиараа уран тод уншиж, монгол хүн болж төрсний бахархал омогшлыг мэдрүүлээд авав. Харин III ангийнхан спортын гимнастикийн үзүүлбэрээр аав, ээждээ гэнэтийн бэлэг барьсан бол IV, V ангийн сурагчид рубикийн шоо эвлүүлж, морин хуур тоглож, цугласан олны сэтгэлийг баясгасан юм. Тус сургуулийн I-V ангийн бүх сурагчид шатрын дугуйланд хичээллэдэг бөгөөд энэ хичээлийн жилд ямар ямар нүүдэл сурч, хэдэн нүүдлийн дараах тооцооллыг хийж сурснаа эцэг, эхчүүддээ мөн толилуулав.
Хүүхэд багачууд багаасаа юм юм оролдож, чадах чадахгүйгээ үзэж, өөрийнхөө юунд дуртай, юунд илүү ур чадвартай, бас ямар сул талтай вэ гэдгээ хүртэл эрт танин мэдэх нь ирээдүйд бусдаас хамааралгүйгээр ажил мэргэжлээ сонгон, өөрийгөө аваад явах чадамжтай болоход тустай гэдэг. “Бид шилдгүүдийг шилж сонгож авахыг урьтал болгодоггүй. Харин биднийг сонгож ирсэн хүүхдүүдийг шилдэг нь болтол сургаж, төлөвшүүлэхийг зорьж байна” хэмээн тус сургуулийн сургалтын менежер Н.Бүрэн хэлсний бас нэгэн учир энэ аж.
“Монгол хүүхдүүд морин хуураа тоглож чаддаг байх нь нэг чухал үнэлэмж”
“Сурсан юмыг сураар боож болдоггүй” гэж монгол ардын сайхан үг бий. Өсөх бага насандаа хүний сурч мэдсэн зүйл гэдэг хэзээ ч мартагдаж, хуучирдаггүй, нэгэн цагт ажил, амьдралд нь гарцаагүй тус болдгийг ийн хэлсэн биз ээ. Ялангуяа өнөөдөр ямар ч албан байгууллага шинээр ажилд авах боловсон хүчний анкет бөглүүлэх, ажлын ярилцлагад оруулахдаа “Спортын ямар нэг төрлөөр хичээллэдэг үү”, “Урлагийн ямар авьяастай вэ” гэх мэтчилэн хувь хүний суурь чадамж, ур чадварын талаар заавал асуудаг болсон цаг. Ялангуяа монгол айл болгон морин хуураа хоймортоо залж хүндэтгэн дээдэлдэг болсон өнөө цагт хүүхдүүд нь өнөөх морин хуураа тоглож чаддаг байвал тэр л ёстой жинхэнэ утгаараа өв соёлоо уламжлан өвлөж байгаа хэрэг буюу. Монгол хүн морин хуурынхаа ганц татлага ч болов татаад сурчихсан байхад гадаадад очоод нүүр бардам байдаг гэдгийг амьдралын бодит жишээгээр мэдэрсэн хүний хувьд морин хуурын сургалтаа ирэх хичээлийн жилээс улам эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа Н.Бүрэн багш хэлсэн юм. Дэлхий хавтгай болж даяарчлагдаж байгаа тул монгол хүүхдүүд ирээдүйд хаана ч ажиллаж, амьдарч, сурахаар очсон бай, морин хуураа тоглож чаддаг байх нь гадаад ертөнцөд өөрийгөө үнэлүүлэх болон улсаа сурталчлахнэг чухал үнэлэмж гэдэг ортой биз ээ.
Хүүхдүүд аялал, экскурсын хичээлээр хүн-байгаль-орчинтой танилцдаг
Түүнчлэн танхимын сургалтаас гадна аялал, экскурсын хичээл орж, хүн-орчин, байгаль дэлхийн юмс үзэгдэл хийгээд нүүдэлчин монголчуудын ахуй байдалтай хүүхдүүдээ танилцуулж, монгол зан заншил, соёл уламжлалтай ойртуулдаг аж. Монгол хүүхдүүдэд гэлтгүй томчуудад хүртэл тулгамддаг нэг асуудал бол өөрийгөө илэрхийлэх чадвар эзэмшээгүй, бүрэг ичимхий байдлаасаа болж амжилтаас сугарч үлдэх явдал бишгүй. Тэгвэл тус сургуулийнхан бага ангийн “хүн-орчин” Иргэний боловсрол хичээлийг энэ чиглэл рүү хандуулж, “Миний индэр” хэмээн тусгайлсан бяцхан индэр засаж өгчээ. Тэрхүү индрээс хүүхэд бүр өөрийгөө танилцуулахын зэрэгцээ уншсан ном, зохиолоо бусдадаа ярьж өгөх, өөрийн санаа бодлоо зөв, цэгцтэй, ойлгомжтой илэрхийлэх зэрэг чадварт суралцдаг байна.
Ийнхүү “Монгол хүний чадамжийг дэлхийд таниулах иргэний төгс хөгжлийг бид эхлүүлнэ” хэмээн Алсын хараагаа тодорхойлсон “Эрдмийн хишиг” бүрэн дунд сургуулийн зүгээс сурлага, урлаг, спортын амжилт гаргасан хүүхдүүдээ урамшуулан дэмжиж, сургалтын төлбөрийг нь 50 хүртэлх хувиар хөнгөлж буйгаа дуулгахад эцэг, эхчүүд халуун талархал илэрхийллээ. Бас нэг таатай мэдээ нь анхны хичээлийн жилийн төгсөгчдөө бүгдийг нь 12 дугаар анги төгстлөө 3 сая төгрөгөөр суралцах онцгой хөнгөлөлт урамшууллаар бэлэг барьсан юм. Түүнчлэн 2019-2020 оны хичээлийн жилд тус сургууль үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэн, сургалтын төлбөрийн онцгой хөнгөлөлттэйгээр арванхоёрдугаар анги хүртэл элсэлт авах аж.