“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр (2019.06.03) Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал, Тост, тосон бумбын нурууны асуудлаар болон МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэх гэсэн гурван асуудлаар мэдээлэл хийв.
Мэдээллийнхээ эхэнд Тост тосон бумын нуруунд уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компанийн асуудлыг хөндлөө. Энэ талаар “”Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагааг сэтгүүлчид хараат бусаар сурвалжилсан. Тосон бумба бол миний, миний өвөг дээдсийн нутаг. Хамгаалах нь бидний үүрэг. Хариуцлагатай уул уурхай гэдэг нээлттэй сурвалжлагын баг гаргасан. Сэтгүүлчид сайн дураараа явж сурвалжлага хийсэн. Тосон бумбатай холбоотойгоор би өөрийн нэр дээр аймгийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт өгөөд байна. Тухайн үед хөрсний ус гараагүй байсан юм билээ. Одоо цүнхээл ус тогтсон байгаа. Шинээр үүссэн нөхцөл байдлын хүрээнд дахин шалгалт хийж өгөхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хүссэн юм. Сүүлийн үед намайг болон гэр бүл, найз нөхдийг маань гүтгэж, дайралт заналхийлэлт хэрээс хэтэрлээ. Надад бизнесийн болон улс төрийн эрх ашиг байхгүй. Би нутгийн хүний хувьд үүнийг хийж байгаа” гэв.
Дараагийн асуудал бол хотын даргатай холбоотой. Энэ тухай ярихдаа “Би хотын даргыг ямар нэгэн байдлаар шантаажлаагүй. 400 сая төгрөг нэхээгүй. Туулын бургасыг “Зүүн баян рефайнер” ХХК үгүй хийсэн асуудлыг сурвалжилсны дараа TV8 телевизийг хаасан. MNBC кабелийн телевизэд TV8 телевиз одоо болтол нээгдээгүй байгаа. Би эвийн зарчмаар асуудлыг шийдэхийг хүссэн. Харин тэдний зүгээс намайг тохуурхах янзтай болж ирсэн. Би ёс бус үг хэлсэн нь үнэн. Гэхдээ хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр тэгж яриагүй. Хоёр хүний хооронд болсон яриаг дэлгэж тавьсан. Бургас хядаад дээр нь байшин барьсан нь үнэн. Үүнийг сурвалжилсан хэнийг ч бай МСНЭ хамгаалах үүрэгтэй. Телевиз хаасан нь та бидний хувьд хамгийн том гамшиг. Тийм учраас би хаалтын гэрээ хийгээгүй. Хотын даргын өрөөнд би н.Мөнхбаатар, С.Амарсайхан дарга, бас нэг хүнтэй дөрвүүлээ уулзсан. Тэр үед би хэвлэлийн ордны газрын төлбөрийн асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Тэр газарт дэд бүтэц тавьж өгөөч гэхэд ИТХ-аар оруулах боломжтой гэсэн. Гэтэл намайг гүтгэж байна. Х.Мандахбаяр, С.Амарсайхан хоёрын нэг нь заавал хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. н.Мөнхбаатар хэвлэлүүдэд 400 сая төгрөг төсөвлөсөн гэж хэлж байсан. Нийслэлчүүдийн мөнгөөр хаалтын гэрээ хийсэн байна. Би энэ үгнийхээ хариуцлагыг хүлээнэ” гэлээ.
Мөн тэрээр энэ үеэр н.Бадрал гэдэг хүнтэй ярьсан бичлэгийг олон нийтэд ил болгохыг сэтгүүлчдээс хүсч диск өгсөн юм. Тус дискэнд н.Бадрал нь Х.Мандахбаярыг дарамталж, шантаажилсан яриа байгаа аж. Ингээд цааш хэлсэн үгэндээ “Хотын даргын захиалгаар яруу найрагч Б.Галсансүх, сэтгүүлч н.Мөнхтөр, Оюуны Ундраа группийн эзний дор ажиллаж байгаа н.Уламбаяр нар намайг зүсэн бүрээр харлуулж байгаа учраас цагдаад өгч байгаа” гэсэн юм.
Тэрээр албан тушаалаасаа түдгэлзэж байгаа шалтгаанаа ийн тайлбарлав. “Албан тушаалаар намайг гүтгэн гүжирдэж, миний нөхөд рүү, итгэж ирсэн хэвлэл рүү дайрч, МСНЭ-ийг харлуулах үйл ажиллагаа явуулж байгаа учраас би албан тушаалаасаа түдгэлзсэн өргөдлөө өнөөдөр өгнө” гэв.