Сэрээтэрийн Соёл гуай Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд ажиллаж, амьдарч, нутгийнхаа хөгжлийн түүхийг бүтээлцэн өдгөө гавьяаныхаа амралтад суугаа ахмад настан. Уул уурхайн олборлолтын сөрөг нөлөөлөлд өртөж амьдрах орчин, малын бэлчээргүй болсон нутгийн олон малчид, иргэдийн нэг. Түүний хувьд хамгийн их санаа зовж явдаг асуудал бол говийн ус. Говьд эрдэнэ болсон гүний усаа хамгаалахын төлөө сүүлийн 10 гаруй жил тэмцэж яваа “Цэций гүний ус” ТББ-ын тэргүүн С.Соёлтой ярилцлаа.
– Та өөрийгөө танилцуулна уу?
– Миний хувьд Цогт-Цэций сумандаа төрж өссөн энэ нутгийн унаган хүн. Энэ сумандаа өнөөг хүртэл ажиллаж, амьдарч байна.Төр нийгэмдээ олон жил алба хашсан. Одоо тэтгэвэртээ гараад мал маллаж байна. Тэтгэвэрт гарлаа гээд зүгээр суудаггүй. Энэ сайхан нутаг, усаа хамгаалахын төлөө тэмцэж байдаг хүн дээ. Ялангуяа говийн усны төлөө их тэмцэж байна. Дорноговь аймагт байдаг Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаанд Зөвлөлийн гишүүнээр Цогтцэций сумаас сонгогдоод 2 жил ажиллаж байна. Өмнөговь аймгийн зүүн талын Баян-Овоо, Ханбогд, Манлай, Цогт-Овоо, Номгон сумдаас сонгогдсон иргэний төлөөллүүд, ТББ-ынхантай хамтарч ажилладаг.
– Байгалийн баялагтайнхаа төлөө уул уурхайн олборлолтоос болж хамгийн их хохирч байгаа хүмүүс нутгийн иргэд, малчид. Ялангуяа Цогтцэций сумын уугуул иргэний хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна?
– Үнэхээр үнэн. Байгалийн баялаг ихтэй нутагт уул уурхай олборлолт явуулахаар хамгийн их хохирч үлддэг хүмүүс нь нутгийн иргэд, малчид байдаг юм байна. Нутагтаа тайван сайхан ажиллаж, амьдарч байсан бид үнэхээр “үгээ барж” байна. Сүүлийн үед байгаль орчин, усны талаар сэтгэл маш их зовж явдаг болсон. Тоос шороо, хөрс, агаарын бохирдол хэцүүдсэн. Манай суманд байгаа уул уурхайн компаниудын овоолго шороо нь өдрөөс өдөрт өндөрсөөд сумтайгаа улам л ойртоод л байна. Сум үргэлж л харанхуй тоосон дотор байдаг болсон. Амьдрахад хэцүү. Гэлээ гээд төрсөн нутгаа яалтай ч билээ. Өдий насыг насалж нутагтаа байгаа хүн чинь хаашаа нүүж явах билээ. Энэ ард түмэн нутагтаа амьдрахад хүнд хэцүү айхтар цаг үетэй нүүр тулж байна даа.
– Уул уурхайтай хаяа дэрлэн байгаа Цогтцэций суманд тоосжилт улам л нэмэгдэж байна. Нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг ярьсаар байгаа ч шийдэгдэж байгаа зүйл байна уу?
– Шийдэгдсэн зүйл байхгүй. Тоосжилт үнэхээр хүнд байна. Хүүхэд багачууд тоосон дунд л амьдарч байна. Энэ тоос жирийн тоос түйрэнгээс өөр шүү дээ. Уурхайн нүүрсний хортой агаараар амьсгалж байна. Тоосжилт, агаарын бохирдол улам л хэцүү боллоо. Уурхайн компаниуд замаа ядаж усалж байвал болдоггүй юм болов уу гэж бодох юм. Тоос түйрэнг улам л нэмдэг. Манай аймгийн Цогт-Овоо, Манлай, Сэврэй гээд уул уурхай хөгжөөгүй сумдууд хүн ард нь үнэхээр сайхан, сэтгэл тайван, аюулгүй орчинд айх зүйлгүй амьдарч байна. Гэтэл Цогтцэций сумын бид байнга түгшүүртэй, ирээдүйдээ санаа зовсон, нутаглах бэлчээр, амьдрах аргагүй, малаа ч тайван бэлчээж чадахаа больсон. Үнэндээ үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах асуудал хумигдсан. Төр засгаас ч яаж, ийж байна гэж анхаарч харж байгаа зүйл алга. Хүний эрхийн олон ч байгууллага байна. Анхаарал хандуулж энэ олон хүний эрхийг хамгаалж байгаа газар алга байгаа нь дэндүү харамсалтай.
– Говьд усны асуудал хамгийн их анхаарал татах асуудал болжээ.Та говийн гүний усыг хамгаалах талаар олон жил тэмцэж яваа хүн энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
– Үндсэндээ 2030 он гэхэд манай говь уух усгүй болох эмгэнэлт тавилан хүлээж байна. Иймээс л энэ нутгийнхаа төлөө, усаа хамгаалахын төлөө тэмцэж байна. Биднээс хойш үлдэх үр ач нар маань ямар орчинд яаж амьдрана даа. Гадаадын хөрөнгө оруулалттай хувийн компани говийн гүний усаар тоглоод байж байгааг харахад үнэхээр харамсдаг. Гүний усыг уул уурхайд ашиглахгүй гээд л янз бүрийн төсөл хэрэгжүүлнэ л гэдэг. Хэрлэн гол, Орхон гол гээд арваад жил ярилаа. Жингийн цуваа хөдөлсөн л гэдэг. Өнөөдөр хөдөлсөн нь алга байна. Энэ газрын доорх баялаг нь дуусна. Одоо ямар хэмжээнд тээвэрлэж байгаа нь бидний нүдэн дээр тодорхой байгаа шүү дээ. Энэ баялаг, газар нутаг эргэн төлжихийн биш. Тэр цагт энэ говийн бид яана даа л гэж харуусаж суудаг.
– Говийн газрын гүний ус түүний ашиглалт, нөөцтэй холбоотойгоор малчин хүний хувьд санаа бодлоо хуваалцвал?
– Гүний усны мониторинг хийж байна. “Энержи ресурс” ХХК-ийн ашиглаж байгаа гүний 20 худаг бий. 2009 онд хоногтоо 50000тн ус ашигладаг гэж мэдээлж байсан. Одоо ашигласан усны тоо хэмжээ хэцүүдсэн байх. Үүнд л миний хувьд их санаа зовж байдаг. Би өөрөө малчин хүн. Тэр хавиар өдөр тутам явж малаа хариулж байна. Малчдын мал уудаг гар худаг, уурхайн худаг үндсэндээ усгүй болж байна. Манай нутагт олон худаг усгүй болсон. Манайх Цогтцэций сумын хойд талд, Наймандайн хөндийд ус татдаг 12 худаг түүний ойролцоо Шугам гээд газар нутагладаг. Манайх гүний худагтай л даа. 40м ойрхон. Тэр маань ч өнөөдөр усгүй болох гэж байна. Усгүй болох гээд цөөхөн адуу, хонио хангаж услахаа байх гэж байна. Одоо усгүй болоод ирэхээр бид яахав. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна. Нутгийн малчид бид хий хоосон хоорондоо ярьж бухимдахаас цаашгүй байна даа. Говьчуудад усгүй болох аюул ойрхон ирсэн.
– Байгалийн баялаг шавхагддаг баялаг. Уурхайнууд нэг л өдөр хаалтаа хийгээд явна. Гэвч энэ нутагт амьдрал үргэлжилж л таараа. Харин тэр цаг үед усгүй болсон цөл нутагт бид үлдэх вий гэсэн айдас говьчуудад байдаг?
– Тийм ээ. Гадаргын ус хомс манай говийн гүний усыг ашиглах биш өөр олон хувилбар төсөл хэрэгжүүлээсэй билээ. Хэрлэн гол Хятад улс руу урсаж ороод цаана нь цөөрөм байгуулсан. Үүнийг говь руугаа аваад ашиглаж болмоор санагддаг. Орхон гол ч мөн Сэлэнгэ мөрөн рүү цутгаад Байгаль нуур руу урсаж байна шүү дээ. Манай говьд ургах мод, урсах ус байх биш. Хур бороо төдийлөн орох биш. Энэ газрын гүний ус гэдэг чинь тэнгэрээс буусан хур борооны ус олон зуун жил хуримтлагдаж байгаад бий болж байгаа шүү дээ.
Гэтэл энэ сайхан цэвэр усаар нүүрс угаагаад зүй зохисгүй ашиглаад байвал энэ цагт амьдарч байгаа бид биш юмаа гэхэд ирээдүй л хэцүү болно. Их санаа зовж, усны талаар арваад жил үндсэндээ дуу хоолойгоо хүрэх газар хүртэл нь дуугарч, хэл ам татаж яваа хүн. Цаашдаа ч тууштай тэмцэнэ. “Цэций гүний ус” ТББ байгууллаа. ТББ-аараа дамжуулан тэмцэнэ. Малчид маань их дэмжиж байна. Тэдэнтэйгээ нийлээд нутаг ус, говийнхоо төлөө өндөр настай болсон гэж хойш суухгүй тэмцэнэ.
8 comments
орхон хэолэнг говь руу урсгана гэнэ үү? ХУЦ.
gadagshaa ursgaltai Herlen goliig hooloigoor govi rruu tataj yagaad bolohgui gej.Hyatad hiliin tsaana subag tataad tsoorom baiguulsan baihad
Шантаажлагчид тэгээд хэр орлоготой байдымдээ? Говь нутгийн түүхийг бүтээлцсэн гээд л, айн? Тийм дорвитой үнэлмээр байгаамуу? Оюутолгой жилдээ Ѳмнѳговийн санд 5 сая доллар хандивладаг. Ядаж түүнтэй харьцуулах юм ахад юу байна даа?
chi bas neg bugs doloogch bizdee chinii ur huuhed uldej amidrah eh oroniig chi hudaldajchihaad suns chin taivan baina gej bodoj bainuu ur huuhed chin hurtel chamaig haraaj amidrah bii dee
Говьчууд гэх нь хаашаа юм! Говийнхон гэж ярьдаггүй билүү?
худгаа ахиулаад ухчихаач дээ ах минь энэ гүний ус чинь аягатай ус шиг, гадагшаа урсгалгүй нуур шиг тэндээ мөнхөд байж байдаггүй хөрсөн доогуураа урсаад хил гараад явчихдаг юм шүү лээ.хангай хэнтий алтайн уулсаас эх авдаг тэндэх цэвдэгээс бүрэлдэн бий болдог чандмань эрдэнийг минь тэгээд тэнд нь хэн тосч аваад ашиглаад улс орноо хөгжүүлээд байгааг бодолд оо их говийн ахан дүүс минь
30 он гэхэд бүх говиороо усгүй болно шүү дээ тэр үед бүгдийг ухаад дууссан байна ямар их зөөлөн хүлцэнгүй юм.Усгүй бол юун мал хүн сум орон нутаг .Их хуралд байгаа малнуудаа хөдөлгөөч.
хэзээ л говь устай байлаа