НийгэмРедакцийн сонголт

Гоминданы талд урваж, тусгаар тогтнолд заналхийлж явсан казах эр Ардын баатар болох цаг ирлээ гэж үү!

Монгол Улсын баруун хязгаарт Баян-Өлгий нэртэй нэг аймаг бий. Тус аймгийн амьдрал ямар өнгөөр өрнөж, энд ямар амьдрал буцалдаг вэ гэдгийг монголчууд төдийлөн мэддэггүй.

Саяхан, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг ярицлага өгч Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн нийт 43 сургуулийн хоёрхон нь сургалтаа монгол хэлээр явуулдаг. Цэнгэл сум болон аймгийн төвийн нэг сургуульд л монгол хэл үздэг. Бусад нь сургалтыг казах хэл дээр явуулж, тэнд амьдардаг халх болон торгууд урианхай хүүхдүүдийн эрхийг зөрчиж байна хэмээн ярьжээ.

Улс орны хэмжээнд Ерөнхий боловсролын сургалтыг Монгол хэл дээр явуулна гэсэн Төрийн бодлого Баян-Өлгийд аль хэдийнэ алдагдаж, тэнд амьдардаг монгол хүүхдүүдийн эрх зөрчигдөж байхад БСШУС-ын яам таг чиг сууна.

Сүүлийн үед Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын дарга Д.Бауыржан нар Хятадын Гоминданы талд урваж, тусгаар тогтнолын дайсан болж явсан Оспан гэх казах хүний 120 насны ойг өргөн цар хүрээтэй тэмдэглэх бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

1940-өөд онд Монгол Улсын баруун хязгаарын үймээнийг дэгдээж, тусгаар тогтнолын эсрэг дайсагнаж асан Оспан гэгчийг казах үндэстний баатраар нэршүүлж, хөшөө дурсгал ч босгох бөгөөд үүнийг аймгийн бизнесмэнүүд санхүүжүүлэхээр төлөвлөсөн байх юм.

Оспан гэж хэн бэ?

Оспан гэж казахын Абах Керей овгийн Молхы угсаатан Исламын хүү. 1899 онд одоогийн Шинжаны нутаг болох Өвөр Алтайн Хөх тохойн Хүрд гэх газар төрсөн. Түүний талаар ийм мэдээ Баруун хязгаарын тулгаралттай холбоотой түүхийн баримтуудад бичигдэн үлджээ.

1930-аад оны сүүлч, 1940-өөд оны эхээр Оспан Шиньжанд зэвсэгт бүлэглэлийг бий болгож, тусгаар тогтнол, эрх чөлөө, шашин шүтлэгийнхээ төлөө тэмцэх нэрээр үймээн дэгдээж эхэлсэн. Түүнийхээ төлөө Хятадын Гоминданы цэргийн мөрдлөг, цохилтод өртөж, дүрвэн зугтааж, уул хадаар бүгэн тэнүүчилж явсан энэ хүний тухай ХХЕГ-ын Хилийн цэргийн төв архив, түүхийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) дэд хурандаа Н.Даваадорж 2018 онд нэлээн дэлгэрэнгүй нийтлэл бичсэн байдаг.

Оспан олон зуун өрх айл, 1000 гаруй иргэнийг өөрийн эрхшээлдээ байлгаж, тэд хоол хүнс, зэвсэг, галт хэрэгслээр дутагдан гачигдахаараа БНМАУ-ын Ховд, Алтай аймгийн хил орчмын сумдын нутаг дэвсгэр дэх ард иргэдийн мал, эд хөрөнгө рүү зэвсэглэн халдаж, дээрэм, тонуул хийж, хүч сэлбэж, баруун хилийн хязгаарт түгшүүр бий болгож байсан аж.

1944-1947 онд БНМАУ-ын удирдлагууд Оспанаар толгойлуулсан казахын босогчидтой зохицох оролдлогыг цөөнгүй хийж байсан. Оспан болон Монголын албан ёсны төлөөлөгчдийн анхны уулзалт 1943 оны 10 дугаар сар Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Хайртын даваанд болж байсныг ч түүхийн баримтууд гэрчилдэг.

Энэ уулзалтанд ирсэн Оспан “Бид Хятадыг Алтайгаас цэвэрлэж, Алтайд казах үндэстнийг тусгаар тогтнуулах зорилгыг хатуу баримтална. Би өөрсдийн зан заншил, мусульман шашны их үйл хэргийн төлөө, Алтайн казах ардуудыг тусгаар тогтнуулах зорилгоор Хятадыг эсэргүүцэн тэмцэж байгаа. Энэ бол үндэсний эрх чөлөөний бослого гэх мэт ярьсан байдаг.

Маршал Х.Чойбалсан 1944 оны хоёрдүгаар сард Ховд аймгийн Булган сумын Алаг толгойд, гуравдугаар сарын 5-нд Булган голын Майхан толгойд байрласан Оспаны гэрт очиж уулзан, баруун хилийг амгалан байлгах хэлэлцээр хийж байсан удаатай.

-Оспан урвасан тул түүний байсан газраар Шинжааны зүгээс Гоминданы цэргүүд нэвтрэн ирэх болсон-

БНМАУ-ын баруун хил хязгаар дахь Оспаны зэвсэгт халдлага 1944-1946 оны дунд үе хүртэл буюу Оспаныг Гоминданы Хятадын талд урвах хүртэл намжсан байна. Харин Оспан 1946 оны 4 дүгээр сараас өөрийн байр сууриас ухарч, Гоминданы талд үйлчлэх болсныг эх сурвалжуудаас олж үзэж болно.

Оспаны талаар Маршал Х.Чойбалсан И.В.Сталин нарын дунд яриа өрнөж байсан бөгөөд Сталин Маршалаас “Танай хил дээрх будлиан юу болж байна. Өнөөх Оспан яасан бэ?” гэж асуухад

Х.Чойбалсан “Хилийн будлиан одоогоор намдаж байгаа болов ч Байтаг Богдын хавиар маргаан тасраагүй. Оспан биеэ худалдаж урвасан тул түүний байсан газраар Шинжааны зүгээс Гоминданы цэргүүд нэвтрэн ирэх болсон” гэж өгүүлснийг түүхч Л.Бат-Очир тэмдэглэж авсан нь өнөөдөр мөн баримт болоод үлджээ.

Оспан 1950 оны өвөл Бар хөлийн зүүн район Мичин ууланд өвөлжиж байгаад 1951 оны хоёрдугаар сард Энэтхэг рүү явах замдаа Хөх нуурын өмнөд район, Хайцай гэдэг газар Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн ангид бүслэгдэн баривчлагдаж, Өрөмч хотод цаазлагдсан гэдэг.

Хэзээ ч Монгол Улсын иргэн байгаагүй, харин ч Монгол Улсын итгэлийг эвдэж, Хятадын Гоминдаанд урваж, тусгаар тогтнолд аюул занал учруулж явсан ийм хүнийг казахууд Ардын баатар, үндэсний баатраар тодруулахаар зугуухан бэлтгэж байгаа гэнэ.

Оспаны сураг тасраад 60 жил өнгөрсөн хэдий ч Монголчууд түүхээ бас марчихаагүй байгаа. Өнөөдөр Гоминданд урваж, тусгаар тогтнолд дайсагнаж явсан казах эр ардын баатар болгохдоо арай тулчихаагүй байна шүү.

Хятадын Гоминдааны цэргүүдтэй үгсэн хуйвалдаж, тусгаар тогтнолд заналхийлж явсан хүнийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга, ИТХ-ийн төлөөлөгчид үнэхээр алдаршуулж, хөшөө босгоно хэмээж байгаа бол Монгол төр тэдэнд төмөр нүүрээ харуулах л ёстой.

Эх сурвалж: Ноцтой мэдээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close