1914-1918 онд өрнөсөн Дэлхийн I дайн бол олон улсын харилцааны зөрчил тэмцлээс үүдэн гарсан билээ. Дайны төгсгөлөөр их гүрнүүд хүчний шинэ харилцааг тогтоож, дайн өдөөгч нарыг буулган авч, дахин дайн өдөөхгүй байх, олон улсын маргаантай асуудлыг шийдвэрлэх шинэ механизмыг тогтоохыг оролдсон боловч тэдгээр нь төдийлөн онвчтой болж чадаагүй учраас XX зууны 30-аад оноос олон улсын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн бөгөөд үүний уг шалтгаан нь шинээр хүчирхэгжин гарч ирсэн их гүрнүүд дэлхийг дахин хуваах, өөрсдийн ашиг сонирхлыг хангахын тулд бүс нутгуудад өөрсдийн эдийн засаг, улс төрийн дэглэмийг тогтоох үүднээс эвсэлд хуваагдах, зөрчилдөх болсонд оршиж байв.
Зүүн хойт Ази нь халуухан цэг болж хувирсан байв. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл байв. Тус бүс нутагт Япон улсын идэвхтэй оролцоотойгоор 1932 онд Манж Го улс байгуулагдан, улмаар БНМАУ-тай хил залгаж, хил хязгаарын зурвасын асуудлаар маргаан үүсгэж эхэлсэн юм. Үүний улмаас ЗХУ болон Манжго хоёр улс үлэмж хэмжээний цэрэг, техникийг тус бүс нутаг руу татах болжээ. 1932-1937 онуудад Маньчжурт байрлах Квантуны армийн бие бүрэлдэхүүн тав дахин нэмэгдэж, зөвхөн 1938 онд цэргийн алба хаах хугацааг сунгаснаас үүдэж дээрх тоо 50 хувиар өсчээ. Мөн цэргийн онгоцны тоо гурав дахин, хүнд бууны нэгтгэл дөрөв дахин, танк арав дахин нэмэгджээ. Алс Дорнод дахь Зөвлөлтийн цэрэг 1937-1938 онуудад 105 мянгаар нэмэгдэж, цэргийн байгуулалтад зарцуулах мөнгөний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлжээ.
Ингээд өгүүлэн буй үеийн зүүн хойт Азийн геополитикийн орчныг тодорхой дүрслэн, ямар зөрчилтэй хийгээд маргаантай асуудлууд байсныг авч үзье.
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС
1930-аад оны эхнээс Гадаад Монголын геополитикийн байршлын ач холбогдол их гүрнүүдийн ашиг сонирхлыг ихээр татах болов. Тухайлбал: Хятад дахь Японы цэргийн атташе Озака Хидезане 1932 оны долдугаар сард “Тао” сэтгүүлд нийтлүүлсэн “Гадаад Монголын хөгжил ба түүний стратегийн ач холбогдол” нэртэй өгүүлэлдээ “Дорнод Ази дахь одоогийн улс төрийн байдалд Монгол нь цэрэг-дайны талаар чухал ач холбогдолтой байгаа юм. Япон умард Хятад руу хөдөлж, ялангуяа Цахар, Суйюань мужуудад нөлөөгөө өргөтгөх нь СССР-т үлэмж заналхийлэл болох ёстой. Цэргийн зөвлөх мэргэжилтнүүдийн нэгдсэн саналаар бол Гадаад Монголоор дамжин СССР рүү орох нь Манжуураар дамжин Зөвлөлтийн хил рүү шууд орсноос илүү их ашигтай болно” гэсэн байдаг.
1931 оны есдүгээр сарын 25-нд болсон БХК/б/Н-ын УТТ-ны хуралдаан дээр ГХАК-ын дарга Карахан: БНМАУ-ыг батлан хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах цаг боллоо. Энэ нь Манжуурыг эзлэн авсан Японы зүгээс гарч буй бодит аюултай холбоотой юм хэмээн мэдэгдсэн бол Коминтерний удирдагч Пятницкий болон Миф нар 1932 оны 3 дугаар сард Монголын төлөөлөгчидтэй уулзахдаа “Япон нь үнэн хэрэгтээ Манжуур болон Өвөр Монголоос гадна БНМАУ-ыг ч эзлээд авахыг хүсч байгаа нь гарцаагүй. Японы империализм нь хятадын засаг захиргаанаас хамаагүй хүчтэй шахалт үзүүлэх болно гэж анхааруулж байжээ. Энэ үеийн нөхцөл байдлаас үндэслэн БХК/б/ Н-ын УТТ-ны шийдвэрээр 1932 оны 3 дугаар сард БНМАУ-ын талаарх Зөвлөлтийн бодлогын бүхий л асуудлыг шийдвэрлэх эрхтэй “Монголын комисс” гэгчийг байгуулжээ. Япон-Манжгогийн тал 1935-1937 онд бүрэн бус мэдээгээр 300 гаруй удаа хилийн орчим болон Монгол улсын хилээс дотогш морь, машин, онгоцоор нэвтрэн ажиглалт хийж, 1936 оны 1-3 дугаар сард Хайлаар хотоос 10 шахам мянган цэрэг, 40 танк, Манжуурын долдугаар хороог Монголын хил рүү хөдөлгөж, Япон-Баргын 1400 цэрэг, 20 хуяпг машин, 9 нисэх онгоц, 12 их буу, 40 автомашиныг Асар сүмийн орчимд байрлуулж, Буйр нуурын чиглэлд японы I, IV морин бригад, XVI морьт хороо, I явган дивизийн харьяа 1, 2 дугаар хороог тус бүр 40- 50 танк, хуягт машинтайгаар татан хуралдуулж, 1935-1936 онд БНМАУ-ын Халхын сүм, Булан дэрс, Адаг дулаан зэрэг нутгийг цэргийн хүчээр гэнэт эзлэн авчээ.
Япон-Манжгогийн тал хилийн мөргөлдөөнийг хилийн шугам тодорхой бус байгаагаас үүдэлтэй учир “хил тогтоох” нь чухал хэмээн тайлбарлаж байв. Монголын тал ч уг саналыг нааштайгаар хүлээн авч, 1935-1937 онд Манжуур хотноо Монгол-Манжуурын хэлэлцээрийг гурван удаа хийсэн байна.
Анхны хэлэлцээрт Монголын талаас Г.Самбуугаар удирдуулсан төлөөгчид оролцсон. 1935 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Япон-Манжгогийн тал хилийн будилаан гарсан газрыг цэвэрлэх, будилаанд амь үрэгдсэн Япон- Манжгогийн цэргийн нэрсийн жагсаалт гаргах, тэдний хэрэглэж явсан эд хогшлийг буцааж өгөх, хилийн будилааны үед манайд олзлогдож, нутаг буцахгүй манай улсад үлдэхийг хүссэн Манж цэргийг буцааж өгөх зэргээр үндсэн асуудлыг хойш тавьж, жинхэнэ хилийн асуудлыг хэлэлцэхээс татгалзсанаар анхны хэлэлцээр үр дүнд хүрэлгүй Монголын төлөөлөгчид наймдугаар сарын сүүлчээр эх орондоо иржээ. Хоёр дахь удаагийн хэлэлцээр 1936 оны намар болсон бөгөөд мөн л нэлээд хугацаагаар үргэлжилсэн. Монголын төлөөлөгчид Засгийн газрынхаа баримталж буй бодлогын дагуу хилийн төлөөлөгчдийг Тамсаг ба Манжуурт харилцан суулгая гэдэг санал дэвшүүлсэн боловч Япон-Манжийн төлөөлөгчид түүний эсрэг хязгаарын будилааныг таслах нэлээд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй комиссыг тус тусын нийслэлд суулгая гэсэн санал дэвшүүлж, тохиролцоонд хүрэлгүй маргалдсаар уг хэлэлцээр үр дүнд хүрэлгүй завсарласан байна.
Манжго-Монголын хилийн будилааныг зохицуулах гурав дахь удаагийн хэлэлцээрийг 1937 оны тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 17-ныг дуустал Манжуур хотноо хийжээ.
Энэ удаагийн хэлэлцээрээр: “Хоёр улсын хил хязгаарыг тодорхойлон тогтоох хавсарсан комисс байгуулах. Уг комиссыг тус тусын Засгийн газраас нэг дарга, таван гишүүдтэйгээр байгуулах ба тус тусын комиссын гишүүдийг хамгаалах зохих тооны зэвсэгтэй хүмүүсийг аль аль тал томилно. Хилийн комисс нь хилийн шугамын дагуу хоорондоо зайтай бат бэх таних тэмдэг чулуу цементээр босгоно. Хилийн зураг гаргах” зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцжээ. Хэлэлцээрийн үед Монголын төлөөлөгчид Манжуурт байсан Зөвлөлтийн хүмүүстэй хамтран ажиллаж тэдний заавар зөвлөгөөг авч, хэлэлцээрийн явц байдлыг албан ёсоор тогтмол танилцуулж байсан байдаг.
Монгол-Манжуурын хэлэлцээрийг дүгнэн үзэхэд нэг талаас Монгол улсаар халхавч хийсэн ЗХУ, нөгөө талаас Манжгогоор халхавч хийсэн Япон улсын хэлэлцээр байсан бөгөөд цаад санаа нь Японы цэргийн эрхтнүүд Ази тивийг эзэгнэх, ЗХУ манай улсын тусгаар тогтнолыг хамгаалах нэрийдлээр Алс дорнодод цэргийн хүчээ төвлөрүүлэн байлдаанд бэлэн болгоход оршиж байжээ. 1936 оны арваннэгдүгээр сарын 25-нд Герман, Япон улсууд “Коминтерний эсрэг гэрээ” байгуулсантай уялдан Зөвлөлт болон Японы харилцаа муудсанаар Манжуурын хэлэлцээр төдийлөн үр дүнд хүрэлгүй дууссан бөгөөд БНМАУ, Манжгогийн хооронд хилийн будилаан тасралтгүй үргэлжилсээр 1939 оны тавдугаар сар гэхэд Японы цэргийн командлал Халхын голын орчим нутагт ихээхэн хэмжээний цэргийн хүчийг төвлөрүүлжээ.
Улмаар мөн оны тавдугаар сарын 15-нд Дунд овооны баруун талд байрлаж байсан БНМАУ-ын хилийн долдугаар заставыг японы нисэх онгоц бөмбөгдөж, мөн сарын 28-ны үүрээр Японы 40 орчим онгоц манай цэргийн байршлыг бөмбөгдөн, давшилтад орсноор Халх голын район дахь байлдагч талуудын цэргийн ажиллагаа эхэлжээ.
Байлдааны явцын тухай Монгол-Зөвлөлтийн цэргийн хээрийн штабаас ирүүлж байсан нэгэн мэдээнүүдээс үзэхэд, зургадугаар сарын 22 ба 23, 24, 26-ны өдрүүдэд японоос явуулсан агаарын довтолгоонд японы 84 онгоцыг устгасан. Мөн 600 япон, барга алагдаж, 1000 шахам хүн шархадсан. Үүнээс гадна манай цэргүүд японоос үлэмжхэн тооны элдэв хэрэглэлүүдийг олзлон зургадугаар сарын 26-ны өдөр Японы 60 шахам агаарын дайрагч онгоц Буйр нуурын орчмоор хил зөрчсөн. Монгол, Зөвлөлтийн талаас 50 гаруй онгоц сөрөг тулалдаанд орж, хоёр цаг гаруй үргэлжилсэн агаарын байлдаанд Японы тал 25 онгоцоо алдаж, Монгол, Зөвлөлтийн тал гурван онгоцоо алдсан гэсэн Архивын эх сурвалж буй. 1939 оны тавдугаар сараас есдүгээр сарын 15-ны агаарын байлдааныг хүртэл дөрвөн сар үргэлжилсэн энэ дайнд нэг талаас ЗХУ, БНМАУ, нөгөө талаас Япон, Манж-Го гэсэн дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер, 1000 гаруй танк, хуягт машин, 800-аад нисэх онгоц оролцжээ.
1939 онд Зөвлөлт-Германы хооронд үл довтлох тухай гэрээ байгуулагдсанаар Японы засгийн газрын дипломат бодлогын алдаа гаргалаа гэж үзэн, шинэ засгийн газар байгуулжээ. Японы шинэ засгийн газар ЗХУ-д хандан хоёр орны хооронд үүссэн асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын харилцаагаа сайжруулах эрмэлзэлтэй буйгаа илэрхийлснээр ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар Молотов, Япон улсаас ЗХУ-д сууж байсан элчин сайд Того нарын хооронд хэлэлцээр эхэлжээ. ЗХУ, Японы талын сонирхол нэгдэн нийлснээр харилцан тохиролцож, 1940 оны зургадугаар сарын 9-нд Москвад Молотов, Того нар хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Москвагийн тохиролцооны дараа хоёр талын төлөөлөгчид фронт дээр есдүгээр сарын 18- 23-нд хэд хэдэн удаа уулзаж, эзэлж буй байрлалаа тэмдэглэсэн газрын зураг солилцжээ. Дөрвөн талын уулзалтад Зөвлөлт-Монголын төлөөлөгчдийг бригад командлан захирагч М.Богданов, БНМАУ-ын хэсгийг ерөнхий сайдын II орлогч П.Жамсран нар тэргүүлэн оролцсон байна.
Үүний дараа дөрвөн талын холимог комисс 1940 оны ҮIII, 1941 оны Ү, ҮI сард Чита хотод уулзаж, Манжго-БНМАУ-ын хилийн тэмдэгтүүдийг Халхын голын зүүн талаар босгосны дараа 1941 оны X сард Харбин хотноо уулзан төгсгөлийн протокол, дагалдах баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ.
ЗХУ, Япон болон бусад их гүрнүүдийн цэрэг-стратегийн бодлогын зөрчил сөргөлдөөнөөс үүдэн БНМАУ-ын Халхын гол орчимд болсон хэрэг явдлыг БНМАУ- Манжго улсын хоорондын хил тодорхой бус байснаас болсон орон нутгийн чанартай мөргөлдөөн, хилийн будилаан хэмээн гадаадын зарим бүтээлүүдэд тэмдэглэдэг бол БНМАУ-ын хувьд гаднаас цэрэглэн халдсан дайсны өнгөлзлөгийг улсынхаа хил дээр тоггоон барьж, улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө хийсэн дайн байсан хэмээн үздэг. Үүнийг түүнд оролцсон цэрэг техник, байлдааны цар хүрээ, хүн хүчний хохирол харуулдаг. Энэ дайныг япончууд Номун ханы хэрэг явдал хэмээн нэрлэдэг.
Халхын голын дайныг дэлхийн их дайн тулаантай харьцуулахад бага боловч бага дэвсгэр нутаг дээр хоёр талаас 130 гаруй мянган хүн, танк 1000 гаруй, хуягт машин 800 гаруй оролцсон өөрөөр хэлбэл орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашиглаж, цэрэг дайны бодлого урлагт зохих хувь нэмэр оруулсныг цэргийн мэргэжилтнүүд нийтээр хүлээн зөвшөөрдөг юм. Түүнээс гадна энэ дайнд Монгол, Зөвлөлтийн 25-26 мянган хүн амь эрсэдсэн бол Япон, Манжгогийн 48 мянга гаруй хүн амь үрэгдсэн хэмээн тооццог.
Халхын голын дайны дараа ЗХУ, Японы хооронд байгуулагдсан төвийг сахих тухай гэрээнд хавсаргасан тунхаглалаар Японы засгийн газар БНМАУ-ын дэвсгэр нутгийн бүрэн бүтэн бөгөөд халдашгүй байдлыг хүндэтгэх үүрэг хүлээсэн юм. Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, нийтдээ 74522 хүний хохирол учирснаас 28246 нь амь үрэгдсэн тооцоо судалгаа байдаг. Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын 8500 орчим цэрэг дайчид оролцож, Зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулан улс орныхоо хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж чадсан билээ. Халх голын дайны ялалт нь тусгаар тогтносон БНМАУ бодитойгоор оршин тогтнож буйг дэлхий дахинд харуулсан юм.
ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛС
Өнөө үед ОХУ болон Японы харилцаа ихэд өргөн дэлгэр хөгжиж байгаа хэдий ч энэ хоёр орны зохицуулагдаагүй асуудал бас бий. Энэ нь тус хоёр орны хооронд Дэлхийн II дайны дараа найрамдлын гэрээ огт байгуулагдаагүй явдал юм. Үүний уг эх нь 1938-1945 онд болж өрнөсөн хэрэг явдлууд юм.
Хэрэг явдлын эхлэл 1938 оны зургадугаар сарын 6-ны өглөө Хасан нуураас баруун тийш 150 метрийн өндөрлөгт орших газар Зөвлөлтийн 8 морьт хилчид гарч ирж бэхлэлтийн ажил хийж эхэлжээ. Тэгээд долдугаар сарын 11-ний өдөр гэхэд тэнд 40 улаан цэрэг ажиллаж,13-ны өдөр 10 цэрэг нэмэгдэн ажиллах болжээ.
Заозерный буюу Чанкуфэн гэх нэртэй энэ газар Зөвлөлт, Манжго, Солонгос гурван орны хил залгаа байсан бөгөөд тэрхүү өндөрлөг чухам хэний талын нутагт орохыг нарийн тогтоогоогүй үе байжээ. Долоон сарын 15-ны өдөр ЗХУ дахь Японы хэрэг эрхлэгч Х.Ниси Зөвлөлтийн талыг Заозерныйгаас цэргээ татахыг шаардсан бичиг гардуулсан байдаг.
Энэ хэргийн талаар түүхчид өөр өөр байдлаар бичсээр иржээ. Зөвлөлтийн тал 1886 онд Чин улс Хаант Оростой байгуулсан Хунчуны гэрээнд хавсаргасан газрын зургийг үндэс болгоод тус өндөрлөг газар нь Оросын талд харьяалагдана гэж бичсэн байна. Гагцхүү түүхч В.Сафранов Заозерный болон Безымянный өндөрлөгт Зөвлөлтийн тал цэргийн бэхлэлт барьж эхэлсэн явдал нь тус газрын баруун хэсэгт япончууд тагнуулын ажиллагаа явуулан, тэр хавиас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлүүлсний эсрэг арга хэмжээ болгон долдугаар сарын 9-10-ны хоорондох ажлыг гүйцэтгэсэн гэж бодит байдлыг бичсэн байна.
Хэрэг дээрээ Заозерная болон Безымянная гэх хоёр өндөрлөгийн зөвхөн зүүн тал нь Зөвлөлтийн хил дотор байсан байтал улаан армийнхан өндөрлөгийг бүхэлд нь мэдэлдээ авах оролдлого хийжээ. Тиймээс Японы тал Солонгосын 19-р дивизийн хоёр явган цэргийн хороог тийш илгээх шийдвэр гаргажээ.
Ингэж Хасан нуурын мөргөлдөөн гарч, долдугаар сарын 29-31-нд япончууд хоёр өндөрлөгийг эзлэн авсан боловч, наймдугаар сарын 6-10-рд улаан армийн үлэмжхэн хүчээр сөрөх дотолгоон хийж, 11-ны өдөр хоёр өндөрлөгийг эзлэн авсан байна.
Хасан нуурын тулгаралт нь Алс Дорнод дахь Зөвлөлтийн ашиг сонирхол хэчнээн хүчтэй байгаа, нөгөө талаас тухайн үед Японы тал томоохон дайнд орох зохих бэлтгэлгүй байсан нь харагдсан гэж сүүлийн үеийн судлаачид бичиж байна. Мөн социализмын үед түүх бичлэгт төдийлэн дурдагдаагүй байсан нэг баримт бол: Хасан нуурын зэвсэгт мөргөлдөөний талаар дүгнэлт гаргахаар 1938 оны долдугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан комиссын дарга Алс Дорнодын фронтын командлагч, ЗХУ-ын маршал Б.Блюхер Батлан хамгаалахын сайд К.Ворошиловт илгээсэн бичиг Зөвлөлтийн хилчдийн алдааны улмаас Манжгогийн нутаг руу гурван метр газар цөмрөн орж ажилласан байна. Энэхүү зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн буруутай үйлдэл хийсэн хүмүүсийг шийтгэх нь зөв гэж бичсэн зүйл юм. Гэвч тэр үед В.К.Блюхерийг “цэргээ удирдаж чадаагүй” хэмээн шийтгэж Алс Дорнодын фронтын командлагчаас огцруулснаар энэ хэрэг төгссөн байдаг.
Өгүүлэн буй үед зүүн хойд Азийн геополитикийн орчин тун эмзэг, түгшүүртэй байж, ялимгүй зүйл ч их мөргөлдөөнд хүргэхүйц болсон нь их зүйлд санаархагч гүрнүүдийн бодлогын хор уршиг байв. Японы цэргийн түүх судлаач И.Хатыгийн тэмдэглэснээр Манжуурын өдөөн хатгалтаас хойш хоёр жил хагасын дотор 152 мөргөлдөөн гарсан, 1935 онд 136, 1936 онд 2031 гарчээ.
Зөвлөлтийн Алс Дорнодын хязгаарын хилийн хэргийг удирдах газрын мэдээлснээр 1937-1938 онуудад зургаан удаа томоохон зэвсэгт мөргөлдөөн болж, япончууд зөвлөлтийн хилийн цэрэг рүү 26 удаа гал нээж, 22 удаа хил рүү цөмөрч, Зөвлөлтийн агаарын орон зай руу 25 нэвтэрч, усан хилийг 20 удаа зөрчсөнөөс гадна ухуулга суртал нэтрүүлгийн хуудас 26 удаа таарах болон хилийн багахан будилааныг 40 удаа өдүүлж байжээ. ЗХУ зөвхөн Манжгогийн хил дээр Японтой нүүр тулгарч байсангүй, өөр нэг талбар нь Монгол-Манжгогийн хил байв. Халхын голын дайн Монголын хувьд ямар байсныг дээр өгүүлсэн билээ. Өгүүлэн буй үед Зөвлөлт болон Япон аль аль нь Хятадад зонхилох байдал олж авахыг хүсч байсан юм. Монголоор дамжин Зөвлөлт нь Гоминданыханд зэр зэсгийн туслалцаа үзүүлж байсан учир энэ харилцааг юуны түрүүнд таслах хэрэгтэй гэж үзэж үзсэн учир Халх голын дайныг эхлүүлжээ. Тэр үеийн Японы сонин хэвлэл ЗХУ Дотоод Монгол, Манжго болон бүх Хятадыг большевикжуулах хэрэгтээ Монголыг дамжлага бааз болгож байна хэмээн нэг биш удаа бичиж байсан аж. Ингээд эцэст нь цохон тэмдэглэхэд Хасан нуурын мөргөлдөөн оросуудын түрэмгий үйлдлээр эхэлсэн бөгөөд японы тал ганц дивизийг нисэх хүчингүйгээр хөдөлгөсөн бол Зөвлөлтийн тал явган цэрэг, нисэх хүчин, танк, артиллерээ оруулсан, тиймдээ ч Хасан нуурын тулалдаан ялалт байгуулсан.
Харин Халх голын хувьд санаачилгыг японы тал гаргаж, стратегийн хувьд ач холбогдол бүхий Монгол-Хятадын хил дээр орших Халхын голын Тамсаг булагийг эзлэхээр довтлон орж ирж ирсэн байна. Энэ хоёр газарт болсон цэргийн мөргөлдөөн нь Япон болон ЗХУ стратегийн ашигтай байрлал эзлэхийн төлөө хийсэн бөгөөд аль алинд нь Зөвлөлт ялалт байгуулсан юм.
Зөвлөлтийн хувьд дагуул орон нь болох Монголтой 1929 онд байгуулсан Зөвлөлт-Монголын нууц гэрээ нь хоёр орны зөвхөн эдийн засаг-аж ахуйн салбарыг тусгасан хэлэлцээр байсан бөгөөд хэн нэгэн рүү газар нутгийн түрэмгийлэл гаднаас үйлдэгдвэл харилцан туслах зүйл тусгагдаагүй байжээ. Тиймээс Монголын зүүн талд Японы ивээл дор Манжго улс байгуулагдаж улмаар аюул нүүрлэх болсон нөхцөлд цэрэг-улс төрийн салбарын асуудлыг онцгой анхаарал хэрэгцээтэй байдалд хүргэсэн учир 1936 оны гуравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо хоёр орны хооронд өмнө дурдсан протокол гэрээ байгуулсан. Энэ нь Монголын хувьд газар нутгаа бүрэн бүтэн байлгах, харийн өнгөлзлөгийн эсрэг холбоотонтой байх ач холбогдолтой байсан юм. Зөвлөлт нь 1938 онд байгуулагдсан Алс Дорнодын фронтын хүчин чадлаа үтэр түргэн нэмэгдүүлж эхэлжээ. Гэвч Зөвлөлт-Германы 1939 оны, Япон- Зөвлөлтийн 1941 оны гэрээ хэлэлцээрүүд эл хоёр орны дайтах хугацааг нэгэн хэсэгтээ хойш тавьжээ.
1941 оны дөрөвдүгээр сарын 13-нд Москва хотноо Японы Гадаад хэргийн сайд Ё.Мацуока, Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд В.М.Молотов нар төвийг сахих тухай гэрээ таван жилийн хугацаатай байгуулж, Зөвлөлт нь БНМАУ дахь өөрийн эрх ашгийг Манжго улсыг хүлээн зөвшөөрснөөр харилцан наймаалцаж олж авчээ. Чингэхдээ Хятад дахь нөхцөл байдалд нөлөөлөх эрхийг мөн баталгаажуулж авсан амуй.
ХЯТАД УЛС
Олон жилийн туршид Зөвлөлтийн түүх бичлэгт 1920-1930-аад онд тэдний зүгээс Хятадын хувьсгалчид болон Хятадын коммунист намд улс төрийн болон цэргийн мэргэжилтнүүд бэлтгэн өгч байсан тухай баримтууд нууцын зэрэглэлтэй, хаалттай байсан байна. Зөвлөлтийн эдгээр ажиллагаа нь тодорхой зорилготой, хэтийн хараатай бодлого байжээ. Хятад орны тодорхой нэг хэсэгт Зөвлөлтийн нөлөө орж байсан хэдий ч тус оронд нэг талаас Марксизм-Ленинизм, нөгөө талаас Сунь Ятсены ардын гурван зарчим хийгээд Хятадын Коммунист нам болон Гоминдан намын зөрчилдөөн зэрэг нь Хятадын улс төр, цэрэг арми, үзэл суртлын зөрчилдөөний үндэс болж байв. Нөгөө талаар дорно зүгээс нүүрлэн ирсэн Японы түрэмгийлэл нь Хятадыг холбоотон орноо сонгох арга замыг идэвхтэй эрэлхийлэхэд хүргэсэн байдаг.
ЗХУ нь 1924 онд Хятадтай Монголыг түүний нэг хэсэг гэсэн гэрээ байгуулсан байсан учир дэлхий нийтэд зүүн хойт Азид болж байгаа хилийн будилаан, тулгаралт, дайн тулаан зэргийг орон нутгийн шинжтэй будилаан хэмээн үзэж байжээ. Харийн түрэмгийлэгчид Халхын голын хавиар довтлон орсон тухайд Хятад ямар ч үйлдэл хийхгүй байсан. Бүс нутагт японы түрэмгийллийг сөрөн зогссон хүчин нь ЗХУ, БНМАУ хоёр л байв.
Манжго улс нь Японы тусламж дэмжлэгийг байнга авч байсан агаад умард Маньчжурт Зөвлөлтийн нөлөөний сүүлийн тулгуур болж байсан Дорнод Хятадын төмөр замын хэсэгт байнга өдөөн хатгалга, үймээн самуун дэгдээсээр улмаар түүнийг 1935 оны гурван сард Манжгогийн засгийн газарт зарах байдалд хүргэжээ. Ингээд Маньчжур дахь байр сууриа алдсан хийгээд Манжгогийн зүгээс БНМАУ-ын хил хязгаар луу заналхийлэх болсон явдал нь Зөвлөлтийн зүгээс Хятадтай харилцаагаа ойртуулах алхам хийхэд хүргэсэн бөгөөд 1932 оны 12 сард дипломат харилцаагаа сэргээжээ. АНУ Нанжины засгийн газрыг ихэд дэмжин Үндэстнүүдийн холбооны туслалцаатайгаар Маньчжурын төлөөлөх тэмцлийг нь дэмжинэ гэдгээ илэрхийлж, Япон Маньчжурт эзлэн түрэмгийлэл хийж буйг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгджээ. Үүнийг түүхнээ “Стимсоны номнол” хэмээдэг билээ.
Их гүрнүүдээс Японы талаар баримталж байсан бодлого, японы өөрсдийнхэн түрэмгий бодлого тус улсыг Үндэстнүүдийн холбооноос гаргахад (1933 оны 3 сар) хүргэсэн, харин Зөвлөлт түүнд элсч (1934 оны 9 сар). Эдгээртэй холбогдуулан хэлэхэд АНУ хэдийгээр Үндэстнүүдийн холбооны гишүүн болоогүй байсан хэдий ч чухамдаа түүний шахалтын дор Япон Үндэстнүүдийн холбооноос гарч, ЗХУ түүнд нэгдэн орох боломжийг буй болгожээ. АНУ, ЗХУ хоёр 1933 оны 11 сард дипломат харилцаа тогтоосон нь Ази дахь хоёр их гүрний ашиг сонирхол нийцэж байсны нэгэн илрэл гэж үзж болох байна. Сталин 1936 оны 12 сард сонголтоо хийж Чан Кайшитай холбоо байгуулжээ. Манжго улс Японтой эвсэж байсан явдал нь Хятадад ихээхэн аюул саналыг учруулах болжээ. Хэнийхэн манлайлал дор Хятадын хойд хэсэгт орших хань биш үндэстнүүдийг нэгтгэх вэ? гэсэн асуудал тавигдах хэмжээнд хүрчээ. 1937 оны Япон-Хятадын дайн эхэлсэнтэй холбогдуулан 1937 оны наймдугаар сард ЗХУ, Хятадтай харилцан үл довтолцох гэрээ байгуулж улмаар 1938-1939 онуудад Хятадад цэрэг дайны зориулалттай зээл олгохоор тогтжээ. Ингэж ЗХУ Алс Дорнодод нэгэн холбоотноо өөд татах замд оржээ. Дэлхийн дайны үед Хятадын газар нутагт, ялангуяа японы эзэгнэл тогтсон хэсэг дээр Зөвлөлтийн 12 гадаад тагнуулын алба ажиллаж байсан байдаг.
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Хэрээд Ж.УРАНГУА