АНУ, Хойд Солонгосын удирдагчид өнгөрөгч хоёрдугаар сард Ханой хотноо Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар асуудлаар хоёр дахь удаагаа уулзсан. Энэ уулзалт үр дүнд хүрээгүйг хоёр тал албан ёсоор мэдэгдсэн билээ.
Өмнөд Солонгосын Чосун Илбо сонин тус улсын удирдагч Ким Жон Ун гуравдугаар сард Ханойн уулзалтыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн тусгай элч Ким Хёк Чолыг Гадаад хэргийн яамны дипломат албаны дөрвөн хүнийг АНУ-ын талд тагнуулын ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр мөрдөн байцааж, Мирим нисэх буудалд цаазалсан тухай мэдээлсэн гэж The Guardian сонин дамжуулжээ. Мэдээллийг Хойд Солонгосын нэрээ нууцалсан эх сурвалж өгсөн гэж мэдээнд дурдсан байна.
Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хэлэлцээр хийсэн өндөр албан тушаалтан Ким Ён Чолыг үзэл суртлын боловсрол олгож, албадан хөдөлмөр эрхлүүлэхээр орон нутагт цөлсөн байна.
Үүнээс гадна Ким Жон Ун Дональд Трамптай хийсэн хоёр уулзалтын турш хамт байсан өөрийн эмэгтэй дүү Ким Ёо Жоныг хариуцлага алдсан шалтгаанаар эрх мэдлээ хасуулсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Ханойн уулзалтаас хойш тэр олны өмнө ил гарахгүй байгаа.
Ким Жон Ун 2011 онд эцэг Ким Жон Илийг албан тушаалыг залгамжилсныхаа дараа өндөр албан тушаалтнуудын дунд хэд хэдэн удаа цэвэрлэгээ хийсэн гэдэг. Зарим үед тэр өөрт нь хүндэтгэлгүй хандсан хүнийг ч хатуу шийтэгдэг. Тухайлбал, 2016 онд Боловсролын яамны албан тушаалтан Ри Ён Жинийг өөрийнх нь удирдсан хурал дээр зүүрмэглэсэн шалтгаанаар цаазлах тушаал өгч байсныг эх сурвалж өгүүлжээ.
Эх сурвалж: The Guardian