Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б, Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ.
Хэргийн тухайд, Э, Б нар нь 2017 оны есдүгээр сараас аравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын 2 кг 955 грамм цусан эвэр, 440 грамм сүүл, 395 грамм чив, 117 кг 145 грамм ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг хадгалсан, уг амьтны гаралтай түүхий эдийн зүйл болон ховор ургамалыг 2017 оны аравдугаар сард Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар-Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж тээвэрлэсэн аж.
Анхан шатны шүүх иргэн Э, Б нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос тавьсан саналын дагуу тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Мөн байгаль орчинд учирсан хохирол болох 55.686.250 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, эд мөрийн баримтаар хураан авсан халиун бугын цусан эвэр, сүүл, чив, ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж шийдвэрлэсэн байна.