Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагчийг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 26-ны өдөр авлигын хэргээр баривчилжээ. Тодруулбал, бусдаас авлига авч байна гэх мэдээллийн дагуу АТГ-ын мөрдөн байцаагч нар тухайн байцаагчийг үйлдэл дээр нь баривчилсан байна.
Гаалийн бичигт хуурамч бүрдүүлэлт хийж их хэмжээний барааг хилээр нэвтрүүлсэн болохыг 2015 онд АТГ-аас мөн илрүүлж байсан удаатай.
Өнгөрсөн жил гэхэд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс найман байцаагчид 1-6, бусдад нь нэг жил зургаан сарын тэнсэн харгалзах ял оноох шийдвэрийг тавдугаар сард гаргасан байдаг. Найман байцаагчаас тус бүр 1-3 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө хурааж авсан. Тухайн үед дээрх байцаагчид өдөрт 50-100 сая төгрөгийг улсад оруулах бус өөрсдөө халаасладаг байсан талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд баримттайгаа цацагдаж байсан билээ.
АТГ-аас олон ч удаа нэр бүхий байцаагчдыг үйлдэл дээр нь барьж, таслан зогсоож баривчлан саатуулах арга хэмжээг авч байгаа ч, өдөрт хэдэн зуун сая төгрөг эргэлдэж байдаг Замын-Үүдийн боомтын гаалийн ажилтнуудын хууль бусаар бараа нэвтрүүлэхэд туслах, бусдын барааг татвараас чөлөөлж өгөх, эсвэл бусдыг албан тушаалаараа далайлган дарамталдаг байдал үргэлжилсээр байна.
Энэ удаад мөн үйлдэл дээрээ баригдсан улсын байцаагчийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр урьдчилан хорих ангид саатуулаад байгаа юм байна.
1 comment
Asralt sdaagaa zailuulaachee darga ni luivarchin ajilchid n bas iim