Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр (2019.05.29) нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болсон “Иргэдийн төсөв-2019” эмхэтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тухайлбал, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед түгээж буй мэдээллүүдтэй холбоотой асуудлаар сэтгүүлчид Хотын захирагчаас байр суурийг нь асуусан юм.
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сүүлийн үед улс төрийн өнгө аястай элдэв янзын мэдээ мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Тэгэхээр энэ асуудалд би олон нийтэд тодорхой тайлбар өгөх нь зөв зүйтэй гэж бодож байна. Х.Мандахбаяр гэдэг хүн над дээр ирээд, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэр дээр байдаг газрын төлбөр болох 74 сая төгрөгийг төлөөгүй. Уг газрыг төлбөрөөс чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Хоёрдугаарт, “Сэтгүүлч” хотхон буюу барих гэж байгаа орон сууцныхаа байр руу төсвийн 400 сая төгрөгөөр дэд бүтэц татуулж өг гэсэн. Гуравдугаарт, орон сууцны бизнес хийх гээд авсан газар нь хүрэлцэхгүй багадаад байгаа газрыг нь нэмж сунгаж өгнө үү гэсэн. Энэ бүхэн нь хотын Захирагчийн хувьд биелүүлэх боломжгүй, төсвийн хөрөнгийг үрсэн, шаардлагагүй хүсэлтүүд байсан тул хүлээж авах боломжгүйгээ би хэлсэн. Тэр байтугай “Хэрэв уг асуудлыг шийдвэрлэвэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл таны улстөрийн ажлыг дэмжиж ажиллана” гэхэд нь тийм шаардлага байхгүй гэдэг санаагаа ч илэрхийлсэн.
Гэтэл дараахан нь энд тэнд тааралдахдаа уг саналуудыг хүлээн авч, асуудлыг шийдэх хэрэгтэй гэж утасдаж, янз бүрийн мессеж бичиж байсан. Тавьсан саналуудыг нь хүлээн аваагүйн төлөө нийслэл хотын үйл ажиллагааг буруу зөрүү харагдуулах гэсэн элдэв санаархал явуулж, тэр нь хэрээс хэтрээд байна. Тухайлбал, С.Амарсайхан гэдэг хүний удам судар, гарал үүсэл, ойр тойрныхны нэр хүндэд бүдүүлгээр халдаж байна. Энэ бол ганц хувь хүний асуудал биш, нийслэлийн төрийн албанд шударгаар ажиллаж байгаа олон мянган эгэл жирийн төрийн албан хаагчид ч хамаатай, тэдний ажил үйлсийг харлуулсан явдал юм. Цаашлаад төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг хэвлэл мэдээллийн зарим байгууллагын нэрийг барин “шантаажилж”, дарамт шахалт үзүүлээд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө шийдвэр гаргуулдаг, мөнгө хөрөнгө авдаг ийм увайгүй үйлдэл газар авсаар байвал нийгмийг хагалан бутаргах, олон нийтийг хооронд нь талцуулахад хүрэх учраас үнэн бодит байдлыг тогтоолгож, олон нийтэд мэдээлнэ. Хэн хүний удам судрыг хүссэн болгон нь дур зоргоороо доромжилдог, гүтгэдэг байж таарахгүй. Тиймээс үндэслэлгүй мэдээлэл тараасан хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандаж байгаа гэдгээ энд албан ёсоор хэлье” гэсэн юм.